Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Архангай
2022.07.27 11:17
3886
Төрийн ордныхоо гадна бурхан шашны хөшөө суваргаа баривал ямар вэ, тэгвэл ард олны амьдрал сайжрах уу?

Дэлхий нийт цар тахлын улмаас эдийн засгийн хувьд асар их хор хохирол амсаад хоёр жилийн нүүрийг үзэж байна. Монголчууд ч мөн адил урд хойд хоёр хөршийнхөө хил гаалиа хаах, нээхээс эхлүүлээд далайсан газарт нь далд орж, далласан газарт нь ил гарна гэгчээр ёстой л хөгөө чирч буй. 

Мөн төрийн хэмнэлтийн тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сард баталж, улс нийтээр дагаж мөрдөж байгаа ч төр захиргааны дарга даамал сэтэртнүүд нь бурхан шашны хөшөө дурсгал барьж байгуулаад, түүндээ мөргөж, сүсэглээд байхаар эдийн засаг сэргэж, их өр нь дарагдаж, ард олны ахуй амьдрал сайжраад ирнэ хэмээн гүнээ итгэдэг гэлтэй.

Ийнхүү ундууцахын учир 32 тэрбумын өртөг бүхий Богдзонхова, Хэнтий аймгийн Бэрх тосгонд барьж байгуулах Очирваань бурхан гэх мэт хөшөө дурсгалын талаарх дуулиан шуугианы дундуур Архангай аймгийн Хотонт сумын ЗДТГ-аас Бурхан багшийн хөшөөг орон нутгийн төсвийн 80 сая төгрөгөөр барих тендер зарлагдаж барилгын ажил нь үргэлжилж байгаа аж.

Уг нь бол хэмнэлтийн хууль гээч нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах зорилготой.

Бид уг асуудлаар Хотонт сумын засаг даргаас тодруулахад барилгын ажил энэ есдүгээр сард дуусах төлөвтэй багаа бөгөөд төрийн хэмнэлтийн хуулийг зөрчөөгүй тодорхой хувь нь ард иргэдээс, үлдсэн нь орон нутгийн давсан төсвөөс санхүүжүүлж байгаа гэх тайлбарыг өгсөн юм. Мөн уг бурхан багшийн хөшөөг ард иргэдийнхээ хүслээр барьж байгаа гэдгийг тодотгож байв.

Санхүүжилтийн эх үүсвэр нь орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байгаа гэх баримт буй ч тэрээр дээрх хариултыг өгч буй.

Ямартай ч хэмнэлтийн тухай хууль нь үрэлгэний тухай хууль гэлтэй, эгээтэй л төрийн ордныхоо гадаа бурхан шашны хөшөө, суварга барих нь дутаж байх шиг. Эдийн засаг нь элгээрээ хэвтэж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож буй энэ хүнд цаг үед энэ мэт хөшөө баримал ямар үр өгөөжтэйг өнөөх бурхан нь л мэдэх байх даа...