Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн Билүү толгой гэдэг газарт Хотон нуурын эрэгт найман хүн зугаалж явснаас нуурын усанд орж байсан нэг хүн хөл алдан живж, аврахаар оролдож нуур руу орсон нэг хүн хамт живж, осолдсон тухай дуудлагыг долоодугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 160 км замыг туулан долоодугаар сарын 26-ны өдрийн 07:10 цагт тухайн газарт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлж 10:02 цагт Хотон нуурын 16 метр орчим гүнээс хоёр иргэний цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Сэрэмжлүүлэг: Зуны улирал болж, иргэдийн аялал зугаалга ихсэж буй энэ үед гол усны түвшин нэмэгдэж буйтай холбогдуулан гол, усанд живэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжилнэ үү!