Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.07.27 12:39
3564
АИ-92 шатахууны гаалийн албан татварыг, дизель түлшний онцгой албан татварыг он дуустал тэглэлээ

Засгийн газрын хуралдаанаас газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын тухай гаргасан шийдвэрийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Г.Ёндон: "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АИ-92 шатахууны гаалийн албан татварыг он дуустал чөлөөлөх шийдвэр гарлаа.  Өнөөдрийг хүртэлх хугацаанд газрын тосны бүтээгдэхүүний үнэ 70-80 хувь өссөн. Гадаад улс орнуудад үүнтэй холбогдуулан арга хэмжээ авч байгаа.

Манай улсын хувьд дөрөвдүгээр сарын 15-нд Гол нэрийн бараа бүтээгдэхүүний хуулийг санаачлан боловсруулсан. Уг хуулийн дагуу мах, сүүнээс гадна шатахууны гаалийн татварт авах арга хэмжээг тусгаж өгсөн.

Энэ хуулийн дагуу АИ-92 шатахууны гаалийн албан татварыг наймдугаар сарын 1-нийг хүртэл хөнгөлөх заалттай байсан бол энэхүү заалтыг оны эцэс хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Мөн дизель түлшний онцгой албан татварыг он дуустал тэглэсэн" гэв.