Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эрүүл мэнд
2022.07.29 12:08
5180
В.Байгаль: 5-11 насны хүүхдүүдийг нэг сарын зайтай хоёр удаа вакцинжуулалтад хамруулна

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, НЭМҮТ нар хамтран Ковид-19 халдварын нөхцөл байдал, сармагчны цэцэг өвчин болоод 5-11 насны хүүхдийн вакцинжуулалтын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Манай улсад ковид-19 халдварт өвчний омикрон хувилбарын B.A-4, B.A-5 дэд хувилбарын тохиолдлын тоо өдрөөс өдөрт ихсэж байна. Нийт халдвар авч байгаа иргэдийн 4/3 нь анх удаа халдвар авсан байна. Давтан халдвар авч байгаа хугацааны хувьд 6 сарын дараа дахин халдвар авах эрсдэл өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд 18-39 насныхан илүү их халдварт өртөж байна. Өнөөдрийн байдлаар 1810 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол нэн хүнд хүний тоо үүний 1,8 хувийг эзэлж байна. 

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга В.Байгаль: Энэ он наймдугаар сарын 1-нээс эхлүүлэн 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлнэ. ДЭМБ-аас 2021 оны 10-11 саруудад 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулах зөвлөмжийг гаргасан. Мөн манай улсын мэргэжлийн байгууллагууд зөвлөлдөөд вакцин хийх нь зөв гэсэн шийдвэрт хүрсэн.

5-11 насны хүүхдүүдийг нэг сарын зайтай хоёр удаа  Pfizer-BioNTech үйлдвэрийн Comirnaty вакцинд хамруулж дархлаажуулна. Тухайн вакцин нь хүүхдэд зориулсан найрлагатай. Вакциныг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд нэгдүгээр тунг сум өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын цэгүүдээр дамжуулан хийх бол хоёрдугаар тунг сургууль цэцэрлэгүүд дээр түр цэг нээж дархлаажуулна.