Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гадаад мэдээ
2022.07.31 13:00
3586
Хятад улс АНУ-ын спикерийн болзошгүй айлчлалтай холбогдуулан Тайванийн хоолойд цэргийн сургуулалт зохион байгуулав

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси ирэх долоо хоногт Тайваньд айлчилж болзошгүй байгаа билээ.

Энэ асуудал Америк-Хятадын харилцааг улам хурцатгаж байгаа бол өнгөрсөн Пүрэв гарагт хоёр орны төрийн тэргүүнүүд утсаар ярих үеэр Ши Жиньпин “галаар тоглохгүй” байхыг Жо Байденд анхааруулсан юм.

Тэгвэл Хятадын батлан хамгаалах яам Пелосигийн айлчлалыг цуцлахыг Вашингтонд анхааруулсныхаа дараа Тайванийн хоолойд цэргийн сургуулилалт зохион байгуулжээ.

Бямба гарагийн өглөөний 8:00 цагаас оройн 9:00 цаг хүртэл үргэлжилсэн сургуулилалт Тайвань арлаас хоолойгоор тусгаарлагддаг Хятадын Фужянь мужийн эргээс холгүй орших Пиньтан аралд зохион байгуулагдсан байна.

Хэрвээ Тайваньд Нэнси Пелоси айлчилбал 1997 оноос хойш тус аралд хөл тавьсан АНУ-ын төрийн хамгийн өндөр албан тушаалтан болох юм.

Тэрбээр Ази тивд хийх айлчлалынхаа хүрээнд Япон, Индонез, Сингапур улсуудад саатах ба Тайваньд очих эсэх нь тодорхойгүй байна.

Сүүлийн үед Хятадын Ардын Чөлөөлөх Армийн сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнууд Тайвань арлын орчимд нислэг үйлдэх нь улам бүр нэмэгдэж, цэргийн ажиллагаа нь идэвхжиж байгаа.

Хятадын иргэний дайны дараа 1949 онд Тайвань арал тусгаар тогтнолоо зарлаж байв. Харин Бээжингийн эрх баригчид тус арлыг өөрийн газар нутгийн хэсэг гэж үздэг бөгөөд шаардлагатай бол хүчээр нэгтгэх санааг илэрхийлдэг.

Эх сурвалж: The Guardian