Гадаад мэдээ
2022.08.01 09:34
3671
Хар тэнгисийн флотын удирдлагын төв байр дроны цохилтод өртжээ

Хар тэнгисийн флотын удирдлагын төв байр дроны цохилтод өртсөн тухай Оросын албаны эх сурвалж мэдээлжээ.Өчигдөр ОХУ-ын Тэнгисийн зэвсэгт хүчний баярын өдөр байсан юм. Халдлагын үеэр таван хүн шархдаж, төлөвлөөд байсан баярын бүх арга хэмжээ цуцлагдсан байна.

“Өнөөдөр өглөө эрт Украины тал манай Тэнгисийн хүчний баярыг бусниулахаар шийдсэн бололтой. Флотын удирдлагын төвийн байранд үл мэдэгдэх нисдэг биет довтоллоо. Урьдчилсан дүгнэлтээр энэ нь дрон байсныг тогтоосон. Флотын удирдлагын төвийн ажилтан таван хүн шархадсан ч хүний амь эрстсэнгүй. Аюулгүй байдлыг хангах үүднээс баярын бүх арга хэмжээг цуцаллаа. Гэрээсээ гаралгүй тайван байхыг ард иргэдэд зөвлөж байна” гэж Севастополийн захирагч Михаил Развожаев сошиал хуудсандаа бичжээ.

Украины өмнөд цэргийн тойргийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Гуменюк болсон явдалтай холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ Украины тал уг халдлагыг зохион байгуулсан тухай шууд дурдаагүй байна. Харин Крымийн хойг бол Украины газар нутгийн нэг хэсэг, Украины арми эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх байлдааны ажиллагаа явуулж буйг хэлжээ.

“Украины зэвсэгт хүчин эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх байлдааны ажиллагаандаа ийм зориулалтын зэвсэг техник ашигладаг. Манай бай бол зөвхөн ОХУ-ын цэргийн байгууламжууд. Бид ОХУ-ын газар нутагт цохилт өгөхгүй. Крымь бол Украины нэг хэсэг” гэж тэр хэлсэн байна.

Таван сар гаруй хугацааны өмнө Оросын цэрэг Украины газар нутагт халдан довтолсноос хойш Хар тэнгисийн флот багагүй хохирол амсаад байгаа.

Тус флотын гол хөлөг онгоц “Москва” дөрөвдүгээр сард пуужингийн цохилтод өртөж, живсэн юм. Энэ үеэр хэчнээн усан цэрэг амь үрэгдсэн талаар Оросын эрх баригчид мэдээлэл өгөхгүй байгаа.

“Москва” хөлөг живсэн талаар ОХУ-ын батлан хамгаалах яам нэлээд удаж байж мэдээлсэн бөгөөд энэ хооронд тус хөлөг дээр алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүлийнхэн бодит мэдээлэл шаардаж байсан юм.

Сүүлийн байдлаар нэг усан цэрэг алагдаж, олон арван цэрэг сураггүй болсон гэх мэдээллийг зөвхөн олон нийтэд өгөөд байна.

Севастополь хот Крымийн хойгийн өмнөд эрэгт, фронтын шугамаас хол оршдог тул дроны халдлагыг Оросын хяналтад байгаа газар нутгаас зохион байгуулсан байх өндөр магадлалтай юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Тэнгисийн зэвсэгт хүчний баярын арга хэмжээнд оролцохоор Санкт-Петербургийн Кронштадт дахь Балтийн тэнгисийн флотын баазад зочилсон байна.

 

Эх сурвалж: The Guardian