Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.08.01 17:27
5488
Оршуулгын тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, хоёр сая төгрөг болгожээ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг хэлэлцсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг хоёр сая төгрөгөөр шинэчлэн тогтоожээ. Үүнээс өмнө энэхүү тэтгэмжийн хэмжээ нэг сая төгрөг байсан юм. 

Мөн амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний (даатгуулагчийн) ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг гурван сая 500 мянган төгрөгөөр тогтоожээ. Эдгээр шийдвэрийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх аж.

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг өмнө нь дараах байдлаар шинэчилж байв.

  • 2002 онд Засгийн газрын шийдвэрээр 148,500 төгрөг,
  • 2009 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 300,000 төгрөг,
  • 2013 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 620,000 төгрөг,
  • 2016 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 1,000,000 төгрөг.