Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.08.03 15:59
4306
"Үүрэхийг нь чи үүр, янцаглахыг нь би янцаглая гэгчээр АН-ынхан дефолт болох гэж байна гээд алга ташиж байна"

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан: Өнөөдрийн хуралдаанаар өнөөдрийг хүртэлх засгийн газруудаас гаргасан бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсэг байгуулах талаар шийдвэр гарлаа. Сүүлийн үед илт зохион байгуулалттайгаар дефолт зарлахтай холбоотой асуудалтай шууд холбоотой.

Бид өмнө нь ойрын гурван жилийн хугацаанд дефолт үүсэх ямар ч нөхцөл байдал үүсээгүй талаар мэдээлж байсан.

2012 оноос хойш ЗГ-аас 7 удаа бонд гаргасан. Эдгээр бондууд аль ЗГ-ын үед өр тавьж, аль ЗГ-ын үед төлж явсан нь ил тод байгаа. 2012-2016 онд буюу АН- эрх барьж байх үед энэ төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. Төсвийн алдагдлуудыг нөхсөн бондууд гарсан байдаг. Ардын нам эрх барьж байх үед буюу 2016 оноос хойш гарсан 4 бонд нь яриад байдаг өрийг өрөөр төллөө гээд шүүмжлээд байдаг. Бүгд өмнөх өрүүдээ төлсөн байдаг. Яагаад гэхээр өмнө нь өр үүсгээд төсөл санхүүжүүлсний үр дүнд орж ирсэн эдийн засгийн үр өгөөж өнөөг хүртэл байхгүй.

Иймээс дахин өр тавьж өмнөх өрийг төлөхөөс өөр арга байхгүй. Ардын зүйр үг байдаг даа. Үүрэхийг нь чи үүр, янцаглахыг нь би янцаглая гэдэг шиг өрийг тавьсан хүмүүс маань дефолт болох гэж байна гээд алга ташаад гүйгээд байна. Өрийг нь төлж байгаа энэ ЗГ хамгийн хүндийг нь үүрч байна.