Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.08.04 12:38
5997
С.Энхболд: 107 дугаар тогтоолыг баталсны үр дүнд эмч нарын цалинг нэмэгдүүлж эхэлсэн

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлсэн. Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн өртөг, зардлыг шинэчлэн тооцож, эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжүүлж байна.

Эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлсний үр дүнд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой урсгал засвар үйлчилгээг хийх асуудлыг төсвийн шууд захирагчийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжийг бүрдүүлжээ.

Салбарын шинэчлэлийн үр дүнг хэлэлцэх, цаг үеийн тулгамдсан асуудлаар санал солилцож, цаашид анхаарч ажиллах үүрэг чиглэл өгөх зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага болон Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны 4 дүгээр улирлыг Эрүүл мэндийн ажилчдын Нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарлаж байгааг мэдэгдсэн бөгөөд тэрээр Засгийн газрын зүгээс 2022 оны 1 улиралд эрүүл мэндийн ажилчдын цалингийн доод жишгийг тогтоосон 107 дугаар тогтоолыг баталсны үр дүнд эрүүл мэндийн байгууллагууд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлж эхэлснийг сайшаан тэмдэглэлээ. Тухайлбал,  Эрүүл мэндийн сайд өнгөрсөн 7 хоногт Өвөрхангай аймгийн Хархорин суманд албан томилолтоор ажиллах үед эмнэлгийн удирдлага “эмч, ажилчдын үндсэн цалинг 10-25 хувиар нэмэгдүүлж, улирал бүр урамшуулал олгож байгаа” талаар  танилцуулсан жишээг дурьдлаа.

Мөн Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчиддаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчиддаа  500.000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмсэн талаар мэдээллээ. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нт уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн байна. Амгалан төрөх 2022 оны 7 сарын 1 өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн байна.
 Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад “Нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд холбогдох хууль, журамд заасны дагуу эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, байрны урьдчилгаа төлбөр төлөхөд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэл өглөө. Урьдчилгаа төлбөр олгох эмч, ажилчдыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй, ил тод зарчмаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж, хамтарч ажиллахыг  үүрэг болголоо.