Нийгэм
2022.08.05 09:09
793
Коронавирусийн халдварын шинэ тохиолдол дэлхий дахинд 9 хувиар буурчээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр сүүлийн долоо хоногийн хугацааны цар тахлын нөхцөл байдлын талаар тоо баримтыг зарлажээ.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд дэлхий даяар халдварын 6.5 сая тохиолдол нэмэгдэж, 14,000 гаруй хүн нас барсан байна. Халдварын шинэ тохиолдол өмнөх долоо хоногоосоо 9 хувиар буурч, нас баралтын тоо тогтвортой байгааг мэдээлжээ. Газар зүйн байрлалаар нь авч үзвэл халдварын шинэ тохиолдол Европ тивд 35 хувиар буурсан бол Номхон далайн баруун бүс нутагт 20 хувиар, Африк тивд 5 хувиар өссөн байна.

Нас баралт Европ тивд 25 орчим хувиар буурсан бол Номхон далайн баруун бүсэд 44 хувиар, Ойрх Дорнодод 26 хувиар тус тус өсжээ. Гэхдээ дэлхийн улс орнууд цар тахлын хяналт, оношилгоо, хариу арга хэмжээгээ сулруулснаас сүүлийн үеийн тоо баримт бодит байдлаас зөрж байж болзошгүйг ДЭМБ анхааруулж байна.

Коронавирусийн Омикрон хувилбарын BA.5 болон BA.4 дэд хувилбарууд сүүлийн үед шинжилсэн тохиолдлуудын 64-70 хувийг эзэлж буйг ДЭМБ мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press