Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.08.05 09:41
3748
Монголоос, Австрали руу ноос хяргах ажилтан мэргэшүүлэн солилцох хөтөлбөр санаачилжээ
ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кэти Смитийг хүлээн авч уулзан, Монголоос ноос хяргах ажилтан мэргэшүүлэх, солилцох шинэ хөтөлбөр санаачилж байгаагаа танилцуулжээ. Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. 
 
Тэрбээр, "2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монгол улс Австрали улстай “Ажиллах болон амрах” визний хөтөлбөрийг байгуулсан. 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол улсаас 100 иргэн Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр 1 жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ 4 сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон. Тус хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэ тоо жилээс жилд нэмэгдэх боломжтой. Одоогийн байдлаар 80 залуу сонгон шалгаруулалтад орж 25 хүний виза нь гарсан, 55 хүний хариу удахгүй гарах талаар Австралийн элчин сайд Кэти Смит мэдээллээ.
 
Австрали улс манайхтай адил шинж чанар олон, үүний нэг нь мал аж ахуй тэр дотроо хонин аж ахуй буюу хурганы махны экспортоор дэлхийд алдартай. Ноос боловсруулалтаар шилдэг технологитой. Энэ утгаар Монголоос ноос хяргах ажилтан мэргэшүүлэх, солилцох шинэ хөтөлбөр санаачилж байгаагаа мөн танилцуулав.
 
Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөгжилд онцгойлон анхаардаг. Австралийн Засгийн газрын техникийн туслалцаатай бид Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг гаргаж Түр хмгаалах байр байгуулж, энэ чиглэлд олон ажил хамтран зохион байгуулсан. Өнөөдөр яамныхаа хараагүйчүүдийн кофе шоп, кафе море, байгууллагын хүүхдийн өрөө, дуудлагын нэгдсэн төв зэрэг үйл ажиллагаануудаа танилцууллаа" гэжээ.