Гуртын тавилан ББСБ-аас зээлээр машин авсан 200 гаруй иргэд зээлээ төлж дуусгасан ч 2 жилийн хугацаанд авто машиныг нь нэр дээр нь шилжүүлэхгүй иргэдийг хохироосон асуудлаар иргэд манай редакцад хандсан юм. Мэдээллийн дагуу хохирогчид болон Гуртын тавилан ББСБ-аас зарим зүйлсийг тодруулав.
Хохирогч нарын төлөөллүүд: -Энэ ББСБ-аас машин зээлээр аваад, зээлээ төлж дуусгасан ч автомашиныхаа гэрчилгээг өөрийн болгож чадахгүй байгаа 200 гаруй иргэд байна. Бидний хувьд зээлээ төлөөд 2 жил болсон боловч машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авч чадахгүй байна. Хариуцаж байсан захирал өнгөрсөн гэж хэлээд долоо, долоо хоногоор хойшлуулсаар 2 жил өнгөрч, биднийг хохироож байна. Захирал нь өнгөрсөн бол ядаж тийм бичиг хийгээд өгөөч гэхээр тэгэх боломжгүй гэх тайлбар өгдөг.
Ар гэр нь шүүх дээр хөрөнгийн маргаантай байгаа болохоор шүүхийн шийдвэр гарахыг хүлээнэ гэж хэлээд бидний хохирлыг барагдуулалгүй хоёр жил өнгөрч байна. Ковидын үед банкны зээл зогсоогоод хүү авахгүй гэсэн шийдвэр гарж байхад ч ч энэ байгууллага зээл, хүүгээ авсаар байсан. Хүний машиныг хүртэл гэрийнх нь үүднээс хулгайгаар ачаад авч явж байсан ийм увайгүй байгууллага юм.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тухайн ББСБ-аас тухайн асуудлаар мөн тодруулав.
Гуртын тавилан ББСБ-ын холбогдох ажилтан: Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс манай үйл ажиллагааг шалгаж байгаа. Өргөдөл бичиж өгөөд хариугаа хүлээж байна. Маргааш хариу гарах сүүлийн хугацаа. Иргэдийн хохирлыг барагдуулна. Шинэ захирал томилогдсон байгаа. Нэр шилжүүлэх дээр л гацчихаад байгаа болохоос үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
Нэг ч гэсэн зээлдэгч ирээд цаг хугацаандаа зээлээ хаана гэвэл хаагаад, үгүй бол захирлын бүх бичиг баримт жин тан болсон үед хаая гэвэл бид зөвшөөрөөд явуулдаг. Одоо болтол хүү алданги гэж аваагүй байна. Нийт зээл авсан хүмүүсийг хяналтгүй алдсан. Зөвхөн зээлээ төлсөн хүмүүс л өөрсдийнхөө эрхийг хамгаалаад яваад байгаа болохоос зээлээ төлөөгүй хүмүүс ч олон байгаа" гэх тайлбарыг өгсөн юм.
Х.Аюурзана