2022.08.11 13:54
3099
Монгол Улсын гадаад харилцаанд маш том ахиц гарлаа

   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улсад ирсэн айлчлал өнөөдөр өндөрлөж байна.

   Түүнийг манай улсад айлчлан ирсэн нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд манай улсын оруулж буй хувь нэмрийг өндөөр үнэлж байгаагийн нэг илрэл хэмээн үзлээ. Мөн энэ айлчлал нь Монгол Улсын гадаад харилцаанд маш том ахиц болж байна. Тухайлбал Монгол Улс бол дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон, үлгэр жишээ улс гэдгийг бусад улсуудад зарлаж, цаашид олон зүйл дээр туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Айлчлалын сүүлийн өдөр буюу өнөөдөр /2022.08.11/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцаж, ёс заншил, нүүдлийн соёл иргэншлийн онцлог зан үйл зэргийг сонирхон үзэж байна.

 

 

Энэхүү айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад хандан:

- Өнгөрсөн 60 жилийн хугацаанд НҮБ-ын үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр тогтмол нэмэгдсээр ирсэн. Монгол Улсын нийт энхийг сахиулагчдад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хамгийн хүнд хэцүү салбарт үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлмээр байна. Дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудад энх тайван тогтвортой байдлыг дэмжин бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар харуулан, хүлээсэн үүргээ биелүүлж байгаад бид талархаж байна. Эмэгтэйчүүд энх тайван ба аюулгүй байдал санаачилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй оролцож байгаа нь сайшаалтай. Олон талт механизмд Монгол Улсын үзүүлж буй дэмжлэг нь НҮБ-ын энхийг сахиулах үйлст оруулж буй хувь нэмрээр хязгаарлагдахгүй. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах бодлого баримталж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харуулсан. Эх дэлхийгээ цөмийн зэвсэггүй болгохын тулд бусад улс орон Монгол Улсаас үлгэр жишээ аваасай гэж би хүсэж байна. Монгол Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангах хэмжээний сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул энэ салбартаа тэргүүлэгч болох боломжтой. Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө дэлхийн хэмжээний өрсөлдөгч болох боломжтой. Хэдий Монгол улс далайд гарцгүй ч гэсэн дэлхийн хамтын ажиллагаа, хэлэлцээрийг чухалчилсан бүтээлч гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж тогтвортой хөгжлийг урагшлуулахад томоохон хувь нэмэр оруулж байна хэмээн хэлсэн юм. Мөн “тэрбум мод” тарих амлалтыг нь сануулж, энэ ажлыг нь сайшааж байгаагаа илэрхийллээ.

   Өдгөө Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүнээр элсээд 61 жилийн нүүрийг үзэж байна. Энэхүү үйл явдал нь манай улс өнгөрсөн ХХ зууны түүхэндээ олсон томоохон амжилтын тод илэрхийлэл юм.

НҮБ нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий олон улсын байгууллага юм. Үндэстнүүдийн лиг үүргээ гүйцэтгэж чадалгүй дайн гаргуулснаас улбаалан Дэлхийн хоёрдугаар дайны ялагч тал болох холбоотнууд голлон 1945 онд байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл 1945 оны 10-р сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьжээ. Хүн төрөлхтөний түүхэнд асар их гарз хохирол учруулж олон сая хүний амийг хөнөөсөн дэлхийн хоёрдугаар дайны хөлд эвдэрч сүйдсэн эдийн засаг, аж ахуйгаа сэргээн босгохын сацуу гамшигт аюулыг дахин давтахгүйн тулд улс орнууд өөр хоорондын харилцаандаа шинэ дэг журам тогтоож түүнийг хэрэгжүүлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагыг эмхлэн байгуулснаас хойш 77 жил өнгөрчээ.

   Үндэсний эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо мандуулсан дэлхийн олон улсын нэгэн адил Монгол Улс энэхүү ололт амжилтаа дэлхийн дахинд тунхаглан зарлаж, бусад улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө олон жилийн туршид шаргуу тэмцсэн түүхтэй. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-нд элссэнээр үе үеийн эрх орончдын хүсэл мөрөөдөл, тэмцэл биелэлээ олсон.

Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал нь тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. Харин ЗХУ-аас 1921 онд Ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд дэлхий дахинд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан юм. Харин 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг. Уг гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд албан ёсны гэдэг нь тодорхой биш байлаа. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон. Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан.

Өнгөрсөн 61 жилийн хугацаанд НҮБ болон түүний системийн байгууллагуудаас Монгол Улсад мэргэжил, арга зүй, санхүү, техник технологийн асар их туслалцаа үзүүлснээр үндэсний нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд бодитой дэмжлэг болжээ. Эдүгээ НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсын тогтвортой хөгжил, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн манай оронд суурин төлөөлөгчийн газартай ажиллаж байна.