Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.08.12 14:33
4310
Засал хийх нэрийдлээр 15 настай охинд бэлгийн дарамт үзүүлсэн гэх ламын шүүх хурал хойшилжээ
 
Засал хийх нэрийдлээр насанд хүрээгүй хүүхдэд "Ө" гэгч лам бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ. 
Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 8-ны өдөр "Ө" гэх лам нь 15 настай охинд "засал хийнэ, сэржим өргүүлнэ" хэмээн хуурч гэрээс нь авч гараад автомашиндаа суулган, шашны зан үйл хийж байна хэмээн охины цээж хэсгийн хувцсыг тайлуулж бэлгийн ёс бус үйлдлүүд хийжээ. Охин "ийм засал байх учиргүй" хэмээн эцэг эхдээ мэдэгдсэнээр тухайн үйлдлийг таслан зогсоосон бөгөөд охины ар гэр хуулийн байгууллагад хандсаны дагуу өнөөдөр анхан шатны шүүх хурал нь болов.
Шүүх хурлын үеэр "Ө" нь өөрийгөө цагаатгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Эхний удаад шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн 13 шүүгч нэгдэн тус саналыг хэлэлцэх аж. Хариуг ирэх долоо хоногийн Мягмар гарагт гаргахаар болжээ.
Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогч болох 15 насны охиныг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан бол хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч, хэрэг үйлдэгчтэй нэг танхимд байх нь сэтгэл зүйн гэмтэл нь дахин сэдрэх эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн тул шүүгч нар өмгөөлөгчийн саналыг хүлээн авч шийдвэрлэжээ.