Улс төр
2022.08.12 19:46
3800
АЙЛЧЛАЛ: АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ БОДИТ ҮР ДҮНД ХҮРЭВ

Манай улсад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И албан ёсны айлчлал хийлээ. Хоёр том гүрний дунд орших газар зүй, геополитикийн онцлогтой манай улсын хувьд хоёр хөрш ээлж дараалан айлчилж анхаарал хандуулж байгаа нь цар тахлын дараа хоёр хөрштэйгээ найрсаг харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлсэн таатай явдал болж байна.

Энэ утгаараа хоёр хөршийн айлчлалыг монголчууд хол ойроос чих тавин чагнаж энэ удаагийн айлчлалаар урд хөрштэй хамтын ажиллагааны хүрээнд харилцан ашигтай бөгөөд тодорхой асуудлыг шийдвэрлээсэй гэж харж байсан нь ойлгомжтой. Энэ ч хүлээлтээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлыг шийдвэрлэж, бодит үр дүнд хүрснийг манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэсэн.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийх айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхав.

Түүний айлчлалыг манай Гадаад харилцааны сайд бодит үр дүнд хүрсэн гэж онцолсныг илтгэх тохироо, гэрээ, хэлцэл, санал солилцсон асуудлаас дор дурдахад

  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов.
  • Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болов.
  • Хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
  • Талууд олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай найрсаг хөршийн хувьд харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн өргөжүүлж, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
  • Монгол, Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, бүхий л салбарт гүнзгийрүүлэхээ талууд нотлов.
  • Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцов.
  • Цаашид иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцав.
  • Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
  • Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцэн тохирсон байгаль орчныг хамгаалах асуудлаар, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохирсон.
  • Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа.
  • Ханги-Мандал боомтын төмөр замаар холбох асуудларх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагатайгаа ярилцахаа илэрхийлэв.
  • Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдэв.

Сайд нарын албан ёсны хэлэлцээнийүеэр ярьж тохирсон нь хоёр орны харилцаан дахь тодорхой асуудлуудыг шийдвэрлэх үр дүнтэй болж байгааг судлаачид онцолж байна. Тухайлбал хоёр улсын хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлснийг тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Манай улсын хувьд ч мөн адил хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон улсын эрх зүйт дэг журмыг бэхжүүлэхэд БНХАУ-ын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаа бөгөөд дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил, байгаль орчны асуудлаарх Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” зэрэг шинэ санал санаачилгыг сайшаан дэмжиж байгааг манай улсын Гадаад харилцааны сайд илэрхийлсэн. Цаашид Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид үр өгөөжтэй үргэлжлэнэ гэдэгт эргэлзэхгүйг байгааг ч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолсон.

Ийнхүү манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага, дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудын давтамжийг хадгалах, эдийн засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол, Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг ярьсан нь цар тахлын дараах олон улсын нөхцөл байдал, худалдаа, эдийн засгийн салбар зэрэг дотоодод төдийгүй олон улсад өрнөж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд үр дүнтэй, эерэг уур амьсгал авчрах хамтын ажиллагааны нөлөө бүхий үйл явдал болж өнгөрлөө.

Манай улсын байгалийн баялаг, газар зүй, улс төрийн тогтолцоо, түүх, соёл хийгээд олон улстай харилцах харилцаа нь яалт ч үгүй өнөөгийн нөхцөлд ч өмнө нь ч, ирээдүйд ч олон улсын анхаарлын төвд байхыг илтгэх хөршүүдийн айлчлал ийнхүү болж өнгөрч байна. Харин манай улс цаашид хоёр хөрш, цаашлаад гуравдагч хөршүүд хийгээд олон улстай харилцах харилцаагаа эн тэнцүү, эрх тэгш, найрсгаар бүх салбарт авч явах, дотоодын хүчин зүйлээс шалтгаалах асуудлаа даруй шийдэх хэрэгтэйг судлаачид онцолж байгаа юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын  ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хоёр талын хүчин чармайлтаар цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлыг шийдвэрлэхэд үр дүн авчирлаа.