Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.08.15 11:53
1940
Л.Оюун-Эрдэнэ: Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн боломжтой

Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд өчигдөр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт танилцсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас анх удаа нийслэлд 420 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалт хэрхэн зарцуулагдаж байгаатай танилцлаа. Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ирэх сард тус зөвлөлөөс холбогдох мэргэжилтнүүд ирнэ. Үүнээс өмнө нийслэлийн удирдлагууд, холбогдох яамд хамтарч гэр хорооллыг хөгжүүлэх концепцийг дахин төлөвлөх үүрэг даалгавар өгч байна. Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн боломжтой. Энэ тохиолдолд хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэх шаардлага үүснэ. Тиймээс Сингапурын мэргэжилтнүүдээр хэсэгчилсэн дэд бүтцийн үнэлгээ хийлгэнэ. Мөн бусад дэд бүтэц, гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур Улстай хамтран хэрэгжүүлнэ” гэв.

Гэр хорооллын газрыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 56 хэсэгчилсэн талбайд 43 компани төсөл хэрэгжүүлж, 2519 нэгж талбар газар чөлөөлж, 11,755 айлын орон сууцыг ашиглалтад оруулан 5000 гаруй янданг буулгаад байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж ашиглалтад оруулж байгаа юм.