Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.08.16 10:56
6338
Дарханы замын тендерийн асуудалд нэр холбогдсон Б.Энх-Амгалан, ЗТХ-ийн сайд хийх хугацаандаа хөрөнгөө нэмэгдүүлээд амжжээ

Авлигатай тэмцэх газраас таван жил дуншиж буй Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын тендер шалгаруулалттай холбоотой бүх албан тушаалтнуудыг шалгаж эхэллээ.

Тодруулбал, АТГ-аас өчигдөр Зам, тээврийн хөгжлийн яаманд болоод холбогдох албан тушаалтнуудын орон гэрт нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтуудыг хураан авч буй талаараа мэдээлсэн юм. Мөн уг хэрэгт холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг шалгах нь тодорхой болоод байна. 

Тэгвэл бид УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хөрөнгө, орлогын мэдээллийг хүргэж байна. 

Б.Энх-Амгалан нь 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд буюу 2019 онд түүний хөрөнгө орлого 147 сая байсан бол 2020 онд 387 сая 646 мянга болж өссөн байна. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь 142 сая байсан бол 2020 онд 215 сая, 2021 онд 511 сая 825 мянга болж мөн л өссөн үзүүлэлттэй гарчээ.

Орон сууц, барилга байгууламжийн тухайд 2 нийтийн орон сууц, 1 зуслангийн байшин, 1 өвөлжөөний байшинтай бол энэ нь 1 тэрбум 752 сая төгрөгийн үнэлэмжтэй аж.

Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, RX 350- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200 хөлөглөдөг тэрээр нийт үнэ нь 352 сая 500 мянга.

Мал, аж ахуйн хувьд, 500-н хонь, 50-н үхэр, 96-н адуутай бөгөөд нийт үнийн дүн нь 557 сая 500 мянга, харин 185 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй аж.

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 152 сая 825 мянга бол гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, дансгүй хэмээжээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь 2018-2019 онд Их Монгол Алтай Групп ХХК, Мишээл Экспо ХХК, Алтан-Уул интернейшнл ХХК, Говь-Алтайн Мааньт ХХК, Мандал хүдэр ХХК нараас хувьцаа эзэмшдэг байсан бөгөөд 2021 онд Мишээл Экспо ХХК, Их Монгол Алтай Групп ХХК нараас 20% болон 100%-ийн ногдол хувь эзэмшдэг хэмээн АТГ-т мэдүүлжээ.

Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд хийх хугацаандаа хөрөнгөө нэмэгдүүлж амжсан ч, хүний амь нас хэдэн зуугаар нь авч одож буй Дарханы замын асуудалд хайнга хандсан нь одоо түүнийг тендерийн асуудалд хутгаад буй биз ээ.