Нийгэм
2022.08.17 14:11
3673
АМИА ХОРЛОХОО БОЛЬЦГООЁ МОНГОЛЧУУДАА

   Дэлхий дээр таван хүн тутмын нэг нь буруу хооллолттой холбоотой хүчин зүйлээс шалтгаалан нас бардаг гэх судалгааг “Lancet” сэтгүүлд нийтэлсэн байдаг. Буруу хооллолт, эрүүл аюулгүй, шим тэжээлтэй хүнсний хомсдол бол халдварт бус өвчний гол үндэс суурь юм. Иймд дэлхий дахин хүнсний аюулгүй байдалдаа анхаараад багагүй хугацаа өнгөрчээ. Жишээ нь АНУ-д л гэхэд дийлэнхдээ дотооддоо үйлдвэрлэсэн хүнсийг хэрэглэж заншсан байдаг бол Тайвань Улсад 2017 оноос эхлэн хүнсний аюулгүй байдалд зарцуулах төсвөө 50 хувиар нэмэгдүүлсэн.

Харин монголчуудын хооллох хэв маяг, хүнсэндээ хэрэглэж буй зүйлс улам бүр өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөхдөө илүү буруу хооллож, илүү аюултай хүнс хэрэглэх болжээ. Бидний идсэн бүхэн биед ямар нэг эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг. Ходоодоо хогийн сав шиг бодох тусам тэр хэмжээгээр эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлж байгаа гэдгийг мартах ёсгүй. Зохисгүй хооллолт бол амиа хорлолт юм. Бид хэдий болтол өөрсдийнхөө амийг төдийгүй үр хүүхэд, хайртай хүмүүсийнхээ амь насыг эрсдэлд оруулах вэ?

 

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Энэ нь манай улс шиг хүнсний нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг гаднаас авдаг, эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй хоол хүнс хэрэглэж заншаагүй улсад ард түмний эрүүл мэндэд хувьсгал хийж буй түүхэн шийдвэр болж байна.

Тус тогтоол хэрэгжиж эхэлснээр:

-           Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх;

-           Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бий болгох;

-           Тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх;

-           Ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх;

-           Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх;

-           Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгойг зохих түвшинд барих;

-           Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;

-           Мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

-           Хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх;

  •           Дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгүй болгох зэрэг ажлууд хийх нь тодорхой болсон. Тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг жил бүрийн улсын төсөв, олон улсын зээл, тусламж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт зэргээс бүрдүүлэх юм.

Онцлон хэлэхэд дээрх тогтоол хэрэгжиж эхэлснээр хүнс үйлдвэрлэгчдэд олон таатай боломжууд бий болж байна. Ялангуяа санхүүгийн асуудал, ажиллах хүчин тал дээр эерэг өөрчлөлт гарах нь тодорхой.

Гэвч үндэсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг хангах нь хүнсний асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш. Бидний хэрэгцээг хангаж буй хүнс эрүүл аюулгүй, чанарын шаардлага хангасан, шим тэжээлтэй байх ёстой. Энэ тухай тогтоолд олон заалт тусгагдсан ч бүрэн хэрэгжүүлэхэд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн оролцоо чухал.

   Чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор хувийн үйлдвэрүүд олноор бий болж, мэргэжлийн бус хүмүүс хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг  эрхлэн явуулах болсноор энэ салбарт нийтлэг зөрчил дутагдал илрэх болсон тухай судлаачид сануулдаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчид, худалдаачид тогтсон дүрэм журам жигд мөрдөхгүй байгаагаас чанарын шаардлага хангахгүй хүнс үйлдвэрлэх, тээвэрлэлт, хадгалалтын үед муутгаж хүний эрүүл мэнд, эдийн засагт хохирол учруулах явдал гарч байна.

Нийслэл хотод хүнсний чиглэлийн ажил үйлчилгээ эрхэлж буй объектын багагүй хувийг түргэн үйлчилгээний цэг эзэлдэг. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаа алдагдах, улмаар хүн амын дунд халдварт өвчин нэмэгдэх гол хүчин зүйл болж байна.

Хүнсний асуудлыг хөндөж буй үед түүний шимт байдлыг заавал анхаарах ёстой. Хоол тэжээлийн дутагдал, илүүдэл нь  өвчин эмгэг тусах гол шалтгаан юм. Хоол тэжээлийн дутагдлын хувьд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийнхний дунд уураг илчлэгийн дутагдал, цус багадалт, сульдаа, иод дутлын эмгэг зэрэг хэлбэрээр илэрдэг бол илүүдэл нь таргалалт, судасны хатуурал, цусны даралт ихдэх, харвалт, инсулин үл хамааралт чихрийн шижин, хавдар зэрэг хэлбэрээр тохиолддог.   Тухайлбал манай улсад 100 мянган хүн тутамд 229 хүн хорт хавдраар өвчилж байна. 2021 онд 5981 хавдраар оношлогдсон хүний 4559 нь хорвоог орхижээ.

  Хоол тэжээлийн дутлын улмаас бага насны хүүхдийн оюун ухаан, биеийн хөгжил хоцорч, суралцах үйл явцад муугаар нөлөөлдөг. Мөн биеийн эсэргүүцэл суларч халдварт амархан өртөх, олон дахин өвдөх, бие муутай болдог байна. Иймд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд сургуулийн үдийн цай хөтөлбөрт онцгойлон анхаарч байна. Тус ажлыг БШУЯ-тай хамтран хэрэгжүүлнэ.

   Хүний эрхийн ойлголтоор ядуу хүн гэж хоол хүнсээр хангагдах эрх, эрүүл байх эрх, сурч боловсрох эрх зэрэг олон эрхээ эдэлж чадахгүй байгаа хүнийг хэлдэг. Тэгвэл  дээрх эрхээ 100 хувь эдлэж чадахгүй байгаа монголчууд бид ядуу ард түмэн биш гэж үү.

Хоол хүнсээр хангагдах эрх бол нэн тэргүүнд бидний амь нас, эрүүл мэндтэй холбогдох амин чухал эрх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн биднийг баян ард түмэн биш юм гэхэд эрүүл ард түмэн болгох найдлага төрүүлж байна.