Улс төр
2022.08.18 14:31
4036
Ч.Өнөрбаяр: УИХ-ын гишүүн Т.Доржханд МАН-д хэвлэлийн албаны ажлыг хийхээ болих хэрэгтэй

АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Ардчилсан ахмадын холбооны тэргүүн Б.Батсайхан болон бусад удирдлагууд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон талаар, мөн ҮХНӨ, Ардчилсан ахмадын холбооны хурал, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хурал болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/ гэх байгууллага  ардчилсан үндсэн хуулиар дэндүү их тоглолоо.  Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тогтож үлдэхийн тулд Үндсэн хуулиар тоглож байна. ҮХЦ дотор байгаа хүнийг би гурван янзаар хардаг. Нэг нь МАН-д насаараа өрөө төлж дарга хийж байгаа хэсэг, нөгөө нь манай хуулийн сургуулийн эрдэмтэд байдаг. Гэтэл тэд өөрийн итгэл үнэмшил, бичсэн ном шигээ байж чаддаггүй юм байна. Та нар бол эрх мэдлийн өмнө өчүүхэн амьтад гэдгээ харуулж байна. Харин нөгөө хэсэг нь хэн нэгний шахаасаар орж ирсэн хэдэн хүүхэлдэйнүүд байна. Ийм хүмүүсээр Монголын хувь заяаг мануулаад сууж байгаад харамсалтай байна.

Т.Доржханд гишүүнд хандаж хэлэхэд, МАН-д хэвлэлийн албаны ажил хийхээ болимоор юм. Ардын намын өмнөөс гарч хэвлэлийн хурал хийдэг  ажилтан нь болж хувирлаа. Саяхан ХҮН нам хүн эрх чөлөө үндсэн хуулийг дээдэлдэг гэж явж байснаа одоо хэвлэлийн албаны ажилтан нь хийгээд зогсож байна шүү дээ.

Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байгаа гэж ярьж байгаа УИХ-ын гишүүд өнөөдөр парламентэд байх эрхгүй" гэв