Засгийн газрын 2022 оны 8-р сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ.
МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Э.Болормааг томилох саналыг дэмжсэн байна.
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргааш хуралдаж, аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцэх юм.
Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай ажээ.
Мөн Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар томилогдвол Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулагдсанаас хойш 91 жилийн түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллах юм.