Засгийн газар
2022.08.27 16:33
3573
Үлгэрлэн хөгжиж байгаа Ховд аймгийн асуудалд хуруу дүрж,хушуу нэмэх нь ИЛҮҮЦ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг удаашруулсан хэмээн огцруулсан. Харин МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж  МУ-ын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ажлын албаны дарга Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад томилох саналыг дэмжсэн юм. Иргэд, олон нийтийн зүгээс Ховдын Засаг даргыг огцруулж, орон нутаг дахь бүлэглэлийг үгүй хийсэнд "алга ташин" хүлээн авч байна. Арга ч үгүй биз. Улс эх орны томоохон бүтээн байгуулалтад саад болж, гацаасан хүмүүст хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг. Одоо харин шинэ Засаг даргын асуудлыг орон нутагт нь үлдээх хэрэгтэй. Оролцох ёстой бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцог. Учир нь тэрбээр УИХ-д дөрвөн удаа улиран сонгогдож, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч бөгөөд сайдаар ажиллахдаа хэнийг ч баривчилж, цагдаж хатуурхаж байгаагүй. Мөн 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр Нарийн бичгийн даргаар ажиллахдаа хуулийн алдаа дутагдал гаргаагүй гэдгийг мэднэ. Мөн Ховдоос төлөөлөн төр түшилцэх болсноор баруун аймгуудын автозам чанартай, хурдан шуурхай тавигдаж, баруун бүс хэрхэн хөгжиж буйг бэлхнээ харж болно. Түүнчлэн Ховд аймагт цементийн үйлдвэр бий болсноор хотоос хоёр дахин илүү үнээр авдаг байсан цементийг баруун бүсийн таван аймаг үйлдвэрийн үнээр авах боломжтой болсон. Тиймээс төв болон зүүн бүсүүдээс үлгэрлэн хөгжиж байгаа Ховд аймгийн асуудалд хуруугаа дүрж, хушуу нэмэх нь илүүц. Харин одоо томилогдох Засаг дарга Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шуурхайлахад идэвхтэй оролцох ёстой. Тус цахилгаан станцыг шуурхайлснаар  баруун гурван аймаг эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат байхаа болино.                        Иймд томоохон төслүүдээ урагшуулж, улсын хөгжилд гар бие, сэтгэлээ зориулж эзний сэтгэлээр хандах хүн Ховд аймагт хэрэгтэй.