Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төр
2022.08.29 16:39
19800
АН-ын бүлгийг татан буулгаж, Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг намаас хаслаа
Ардчилсан намын бүлгийг татан буулгаж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг намаасаа найман жилийн хугацаатай хөөж буй талаар С.Эрдэнэ нарын удирдлагууд мэдээлэл хийв.
 
С.Эрдэнэ: "Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, хуулийн бус аргаар өөрчилж, төрийн түрэмгийлэл боллоо. Үндсэн хуулийг олонх хамгаалахгүй бол бид тэмцэнэ. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах явцад өөрийн намын нэр дээр сонгогдсон УИХ-ын гишүүд үндсэн дүрмийн дагуу чиглэл өгсөн.
Харамсалтай нь зарим нэг гишүүд энэ үүргийг биелүүлэхгүйгээр хувийн эрх ашгаар асуудалд хандсан учраас АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен дөрвөн гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн. Тэднийг намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан.
Холбогдох хууль, дүрэм журмын дагуу АН-ын бүлгийн 11 гишүүнээс нэр бүхий Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь гэсэн гурван гишүүнийг хасч, найман гишүүн үлдсэн. Одоо нэмэгдээд дөрвөн гишүүнийг хасч байна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гишүүний бүрэн эрхийг сэргээж, таван гишүүнтэй ажиллана. Намын шийдвэр гаргаж, бүлгээ татан буулгаж байгаагаа УИХ-ын даргад мэдэгдэж байна.
УИХ-ын тухай хуулийн 31.1 дэх заалтад "УИХ-д найм буюу түүнээс дээш суудал бүхий нам эвсэл өөрийн бүлгийг байгуулж болно" гэж заасан. Энэ тоонд хүрэхгүй учраас албан ёсоор бүлгээ татан буулгаж байна.
Харин Ардчилсан нам УИХ-д өөрийн гишүүдийн зөвлөлийг байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Д.Ганбат ажиллана. Эдгээр асуудалтай холбоотойгоор ямар нэгэн асуудалд намын бүлгийн байр сууринаас хандахгүй, улс төрийн намын үүднээс хандах болно. Бид өнөөдөр ямар нэгэн нам, эвсэлтэй нэгдэх шийдвэр гаргаагүй. Өнөөдөр АН-аас хасагдсан нэр бүхий гишүүд цаашдаа намыг төлөөлөх эрх зүйн чадамжгүй болохыг мэдэгдье.
Өнөөдөр Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар төлөөлнө гэв."
 
УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Үндсэн хуулийн дээр Үндсэн хууль л байдаг гэдгийг цэц үгүйсгэлээ. Ард түмэн сэтгэл түгшин харж байна. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж, 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлт оруулахдаа найман жилийн хугацаанд ямар нэгэн өөрчлөлтийг оруулахгүй гэсэн журмын хуульд зааж өгсөн. Гэтэл цэц нь Үндсэн хууль болон Үндсэн хуулий нэмэлт өөрчлөлт хоёулаа хүчин төгөлдөр байх ёстой ард түмэнтэй байгуулсан гэрээ юм. Үндсэн хуулийн зарчим бол гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглал гэж хувааж, хүний эрхийг хамгаалах ёстой. Энийг олонх бүдүүлгээр зөрчлөө.
Цэц Үндсэн хуулийг хэлэлцэх үед зөрчил гарсан эсэхийг хэлэлцэх ёстой. Гэтэл ард түмнээс асуухгүйгээр нэмэлт өөрчлөлт орууллаа. Ийм хариуцлагагүй шийдвэр гаргаж байна. Ардчилсан нам хүнд байдалд байгаа ч Үндсэн хуулиа хамгаалж, ард түмнийхээ талд зогсох болно."
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд АН-д байсан нэр бүхий хүмүүсийг оруулна гэдэг бол дүрэмгүй явж байгаагийн илэрхийлэл. Эрх баригчид УИХ-д 62 суудалтай байж ард түмний өмнө хүлээсэн хариуцлагаасаа зугтаж болохгүй. Чадна гэвэл ачаагаа үүрэх ёстой. Хэрэв эвслийн Засгийн газар байгуулах гэж байгаа бол хууль дүрмээрээ явна. Өнөөдөр Үндсэн хууль, МАН болон АН-ын дүрэмд намуудын Удирдах зөвлөл хуралдаж, хамтарсан ажлын хэсэг гаргаж, улсын нийтлэг эрх ашгийн төлөө зарчмаа гаргадаг. МАН-ын хуульгүй тоглоомд оролцож буй дөрвөн гишүүнийг хасч байгаа юм. Ардчилсан нам хохирч үлдэж болохгүй."