Улсын хэмжээнд мал амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчин тархаад байна. Шүлхий өвчний хувьд өнгөрсөн өвөл, хаврынхтай харьцуулахад тархалт нь нэлээд хумигджээ. Мөн бог малын мялзан өвчний тархалт буурч байгаа аж. Харин үхрийн арьс товруутах өвчний тархалт ихсэх хандлагатай байгаа бөгөөд уржигдар Увс аймагт шинээр илэрч, нэг суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Өчигдрийн байдлаар дөрвөн аймгийн найман суманд уг өвчин тархжээ. Нийт 1300 гаруй үхэр өвчилж, үүнээс 878 үхэр хорогдсон бол 488 нь тусгаарлалтад байна.