Ярилцлага
2022.09.01 16:51
16306
Э.Идэр: Залилах гэмт хэргийн улмаас 2021 онд 143.9 тэрбум төгрөгийн хохирол учирсны 5.6 тэрбум буюу 3.8 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан

   Өнөөдөр буюу 2022.08.31-ний өдөр Сонгинохайрхан дүүэрг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 12 сургуулийн багш ажилчдад Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Идэртэй ярилцлаа.

   Залилах гэмт хэргийн гаралт сүүлийн үед эрс нэмэгдэх болжээ. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна вэ?

   -Цагдаагийн байгууллагаас 2020, 2021 онуудад “Ятгах тусам нягтал”, “Нягтлах тусам аюулгүй” арга хэмжээг үе шаттай зохион байгуулсан бол энэ оны хувьд  2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай иргэдэд залилах гэмт хэргийн хор уршгийг таниулах, гэмт хэргийн хохирогч болоод байгааг ойлгуулах, хэрхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл түгээх арга хэмжээг зохион байгуулж байна.

   Залилах гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай хэлбэрээр, бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглах, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах, биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

   Энэ оны эхний 8 сарын байдлаар залилах гэмт хэргийн 3618 буюу 65.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэний

  • 1233 буюу 34.1 хувь фейсбүүкээр мөнгө зээлэх, бараа худалдан авалт хийх, цахим орчинд харилцаа тогтоон тухайн хүнийхээ илтгэлийг олж мөнгө шилжүүлэх хүсэлт илгээх, бага хүүтэй зээл санал болгож урьдчилгаа шимтгэл авах, олны танил хүмүүс болон байгууллагын нэрийг барьж азтан тодруулах
  • 754 буюу 20.8 хувь нь хандив тусламж авахаар цахим орчинд хандсан иргэдийн фейсбүүк хаягийг ашиглан хуурамч данс нээж залилсан,
  • 110 буюу 3.0 хувь нь байр түрээслэх,
  • 1476 буюу 40.1 хувь нь бараа худалдан авалт, зээл авахаас өмнө шимтгэл төлөх, найз нөхдийн нэртэй хуурамч хаягаас яаралтай мөнгө зээлэх хүсэлтийг явуулж урьдчилан бэлтгэсэн дансанд мөнгийг шилжүүлж авах зэрэг арга хэлбэрээр үйлдэгджээ.

   -Сонгинохайрхан дүүргийн тухайд, залилах гэмт хэрэг ихэвчлэн ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ?

   Манай хэлтэст хэлтэст 2021 онд залилах төрлийн гэмт хэрэг 138 үүнээс цахим орчинд үйлдэгдсэн 83 байгаа нь нийт залилах төрлийн гэмт хэргийн 60.1 хувийг эзэлж нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 13.1 хувийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлж байсан бол 2022 оны эхний 08 дугаар сарын байдлаар залилах төрлийн гэмт хэрэг 191 бүртгэгдсэн ба үүнээс цахим орчинд үйлдэгдсэн 116 байгаа нь нийт залилах төрлийн гэмт хэргийн 60.7 хувийг эзэлж нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 20.2 хувийг эзэлж байгаа нь залилах төрлийн гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн харагдаж байна.

   Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хамаарах нутаг дэвсгэрийн дийлэнх хувь нь гэр хороолол байдаг.Энэ онцлогоосоо хамаараад их хэмжээний мөнгөн дүн гэхээсээ илүүтэй жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал дарна, визэнд оруулна, орон сууц түрээслэнэ, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ, зээл гаргана гэх мэт төрлийн залилан зонхилж байна. Түүнчлэн иргэдийн фэйсбүүкрүү хууль бусаар нэвтэрч, найз нөхөд, танилуудаас нь мөнгө авсан хэргүүд бүртгэгдэж байна.

   -Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 14 хоногийн хугацаатай аян явуулж байгаа гэсэн. Энэ аяны хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

   -Мөрдөн байцаах алба, Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс нь иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг ойлгуулах, дахин энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохгүй байхад анхаарч цахим хэлбэрээр мэдээ, мэдээллийг түгээн ажиллаж байгаа.

   Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хувьд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын нийт 12 сургуулийн багш ажилчдыг хамруулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт яриа хийсэн. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллага, барьцаалдан зээлдүүлэх газруудтай хамтарч иргэдэд санхүүгийн мэдлэг олгох, мөн хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах, санхүүгийн эрсдэл бүхий нөхцөл байдлын талаарх мэдлэг олгох өдөрлөгийг зохион байгуулсан.

   Манай хэлтсээс “Өрх бүрт зөвлөе” гэсэн хэсэгчилсэн арга хэмжээг улиралд 1 удаа зохион байгуулж тухайн цаг хугацаанд анхаарал татсан, ихээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн тухай, иргэд түүнээс хэрхэн өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээллийг өрх бүрт өгч ажилладаг. Бүх айл өрхүүд цахим орчноос энэ төрлийн мэдээлэл авах боломжгүй байдаг. Тэгвэл бид дээрх хэсэгчилсэн арга хэмжээгээрээ тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэн бүрт, өрх бүрийн хаалгыг тогшиж тусгайлан хүргэдэг мэдээлэл гэдгээрээ онцлог давуу талтай. Тиим ч учираас бид энэ оны 10 дугаар сард зохион байгуулах “Өрх бүрт зөвлөе” арга хэмжээгээ мөн Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дахин явуулах бэлтгэл ажлыг хангаад байна.

Энэ нь иргэд зүгээр нэг уншаад өнгөрөх биш харилцан ярилцаж, мэдэхгүй хууль эрхзүйн зөвлөгөөгөө алба хаагчаас авах гээд давуу талуудтай учир үр дүнтэй гэж үзээд, энэ арга хэмжээг дахин зохион байгуулах гэж байна.

-Залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд хохирлоо бүрэн төлүүлж, хохиролгүй болж чаддаг уу?

   Зарим гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаардаж Эрүүгийн хэрэг үүсгэдэг бол Залилах төрлийн гэмт хэрэг ямар нэгэн байдлаар хохирлын хэмжээ шаарддаггүйгээрээ онцлогтой. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах үйлдэл нь ямар нэгэн хохирлын хэмжээ шаарддаггүй, бусдын өмчлөлд байгаа зүйлийг л хууль бус аргаар хуурч мэхлээд авчихсан бол энэ төрлийн гэмт хэрэг болж бүртгэгддэг.

   Залилах гэмт хэргийн улмаас 2021 онд 143.9 тэрбум төгрөгийн хохирол учирсны 5.6 тэрбум буюу 3.8 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан. 

   Залилах гэмт хэргээс учирсан хохирол 2016 онд хоёр орчим тэрбум , 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум байсан бол 2021 онд 143.9 тэрбум болж өссөн. 

   Мөн 2021 онд хохирол нөхөн төлүүлэлт 57.3 хувьтай байснаас цахим орчинд үйлдэгдсэн хэргийн хохирол болох 5.6 тэрбум төгрөгөөс  1.2 тэрбум төгрөг буюу 22.9 хувийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн.  Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дийлэнх нь залилж авсан мөнгөө цааш нь зарцуулсан байдаг тул иргэд хаашаа хэнлүү ямар мөнгө шилжүүлж байгаагаа сайтар нягталж шилжүүлж байхыг анхааруулж байна

   Хэдийгээр хуульд ял шийтгэл өгөөд цаашид хохирлыг барагдуулах эрхзүйн зохицуулалт байдаг хэдий ч төдийлэн үр дүнд хүрдэггүй.

   -Залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар ял шийтгэл оноодог вэ?

   2017 онд шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.3-т зүйлчилж өгсөн байдаг. 6 сараас эхлэн 12 жил хүртэл хорих ялаар шийтгэх санкцтай байдаг.

   Залилах гэмт хэрэг үйлдэгчдийн нийгмийн байдлыг судалж үзэхэд 45 орчим хувь нь тусгай дундаас дээш боловсролтой, 60 орчим хувь нь ажилгүй, 50 хувь нь 30-45 насны хүмүүс үйлджээ. Энэ нь ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн нийтлэг дүр зураг бөгөөд ажилгүйдэл энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлж байгааг харуулж байна.

   Статистикийн мэдээллээс авч үзвэл залилах гэмт хэрэгт өртөж байгаа хохирогчдын дийлэнх нь 20-50 насны иргэд 50 хувийг эзэлж байгаа юм. Мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүдийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй байна.

   Тиймээс иргэд дор бүрнээ өөрсдийгөө Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой учираас дор бүрнээ хариуцлагатай хандаж байхыг зөвлөж байна.