Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрий талаар буюу цэргийн хамтын ажиллагааны талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл өглөө.
Г.Сайханбаяр: "Цахим орчинд батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаатай холбоотой олон янзын мэдээллүүд явж байна. Ялангуяа цэргийн хээрийн сургуультай холбоотой ард иргэдийг төөрөгдүүлсэн, талцуулсан, улс төржүүлсэн ийм мэдээллүүд явж байна. Эдгээр асуудалд албан ёсны хариулт, няцаалт өгөх зорилгоор мэдээлэл хийж байна. Монгол Улсын Батлан хамгаалах яам цэргийн харилцааныхаа шугамаар 40-өөд оронтой хамтын ажиллагаатай ажилладаг.
МУ-ын БХЯ цэргийн хамтын ажиллагааны асуудалд нэгдсэн бодлоготой, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөгөөтэй ажилладаг. Цэргийн сургуультай холбоотой асуудал дээр тэр болгон дэлхий нийтэд болон улс орнуудын хэмжээнд нээлттэй хэлбэрээр зарлаад байдаггүй.
2022 онд АНУ-тай хамтраад хоёр талын хамтарсан 7 удаагийн сургуулилт, ОХУ-тай хоёр удаа, Герман, Турк, Катар, Япон зэрэг улсуудтай хамтарсан сургуулилт явуулж байна. Мөн Индонез зэрэг энхийг сахиулах чиглэлийн сургуулиудад Монгол улс оролцож байна.
Эдгээр сургуулиудад оролцох нь батлан хамгаалах, гадаад харилцааг бэхжүүлэх зорилготой, нөгөө талаараа улс төр, дипломатын аргаар Монгол улс аюулгүй байдлаа хангадаг хуультай.
Восток сургуулилалтын хувьд энэ жил 15 орон оролцож байна. Энэ сарын 1-7-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотын ойролцоо Сергевский сургалтын төвд Монголын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс тэнгисийн цэргийн хүчингүй. Та бүхэн мэдэж байгаа. Курилын арал болон маргаантай арлуудад манай цэргүүд сургуулилтад оролцож байгаа мэтээр мушгиж гуйвуулсан мэдээлэл явж байгаа. Ийм юм бол байхгүй.
Монголчууд цэргийн алба хаагчдынхаа чадавхыг нэмэгдүүлэх, хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, харилцан бие биеэсээ суралцах, бусад орнуудтай хамтарсан сургуулилалт дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор л сургуулилалт зохион байгуулж байгаа.
Мөн түүнчлэн наймдугаар сарын 7-9-ний хооронд зохион байгуулагдаад дууссан Сэлэнгэ сургуулилалттай холбоотой асуудлаар ярьсаар байгаа. 8 сарын 12-нд Оросын бүх цэргийн алба хаагчид Монгол улсын нутаг дэвсгэрээс техник хэрэгслээ аваад буцсан байгаа. Энэ сургууль төлөвлөгөөний дагуу явагдаж дууссан. Иймэрхүү цэргийн хамтын ажиллагаатай холбоотой асуудалд дүгнэлт хийх, болчимгүй үг яриа гаргах, түүнийгээ цацах энэ зэрэг асуудалд болгоомжтой хандахыг нийт ард иргэдээсээ, хэвлэл мэдээллийнхнээс хүсье."