Нийслэл
2022.09.05 22:50
7474
Б.Сэргэлэнбаатар: Холбогдох агентлагууд ажлаа уялдуулж, хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг барьж ажиллах шаардлагатай


Нийслэлийн ИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо энэ сарын 2-ны өдөр хуралдсан. Энэ үеэр авто замын трасс, хязгаарлалт тогтоосон хамгаалалтын бүсүүдэд барилга, байгууламж барих зөвшөөрлийг хууль бусаар олгодог, энэ нь хотын ерөнхий төлөвлөгөөг зөрчдөг асуудлыг хөндсөн юм. Улмаар автозамын бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтын ажлыг гацаадаг талаарх мэдээллийг холбогдох албаныхан танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор тус хорооны дарга Б.Сэргэлэнбаатар, төлөөлөгч Б.Өнөбат нар өнөөдөр Нийслэлийн Хот байгуулалтын газарт ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, хөгжлийн бусад баримт бичигт тусгагдсан хамгаалалтын зурвас, авто замын трассуудын талаарх мэдээллийг Хот байгуулалтын газрын дарга Ц.Тулга өгсөн юм.

Тодруулбал, 2013 онд УИХ-аар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030  он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор “Нисэх-Яармаг” орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө батлагдсан байдаг. Энэхүү батлагдсан ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн авто замын мастер төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд  13  үргэлжлэх 6 эгнээ бүхий гол зам, 23 км үргэлжлэх туслах авто зам  барьж байгуулахаар төлөвлөсөн. Дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний авто замын трасс дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын зориулалтаар эрх олгосон олон тооны аж ахуйн нэгж байна.  Тиймээс зарим хэсэгт трассыг өөрчлөн төлөвлөх, тухайн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх арга хэмжээ авч байгааг газрын дарга Ц.Тулга танилцууллаа. Нийслэлийн ИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар энэ үеэр “...Нисэх-Яармаг орчимд төлөвлөлтгүй газар олгосноос үүдэлтэй түгжрэл, төвлөрлийн асуудал маш их  байна. Энэ  бүс газар зүүн талаасаа эрчимтэй барилгажиж, одоо төв, цөм хэсэг рүүгээ түрж байна. Иймд энэ хэсэгт автозамын трасс болон бусад төлөвлөлтийн дагуу яаралтай арга хэмжээ авч, ажиллах шаардлагатай…” гэдгийг хэлсэн юм. 

Улмаар Хот байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын газар, Автозамын хөгжлийн газар зэрэг агентлаг ажлаа уялдуулж, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг барьж ажиллахыг санууллаа. Харин төлөөлөгч Б.Өнөбат автозамын трасс дайрч байгаа хэсгүүдэд олгогдсон газруудыг чөлөөлөхөд эзэмшигч аж ахуйн нэгж, иргэдтэй хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэйг тодотгосон юм.