Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Боловсрол
2022.09.06 12:42
8227
Л.Энх-Амгалан: Нэг дипломын дугаараар гурван хүнд диплом олгосон байна

Боловсролын шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарыг зарлана хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийлээ. 

БШУ-ны сайд Л.Энх-Амглан "Нийт улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн багш нарын 71000 диплом байна. Үүнээс өнгөрсөн 6 сарын хугацаанд 59000 дипломыг шалгасан. Цаана нь 12000 диплом шалгагдаагүй үлдсэнийг үргэлжлүүлэн шалгана.  Шалгалтаар 724 дипломд  зөрчил илэрлээ.

Тухайлбал бусдын нэрийг ашиглах, бусдын гарын үсгийг дуурайсан, дипломын дугаар өөрчилсөн, тамга буруу дарагдсан болон регистрийн дугаар өөрчилсөн гэх мэт зөрчлүүд илэрсэн байна. Хамгийн ноцтой зөрчил нь  нэг дипломын дугаараар гурван хүнд диплом олгогдсон байна. Энэ нь хуурамчаар диплом үйлдэх сүлжээ бий болсон гэж хэлж болно. 

Зөрчлүүдийн ихэнх хувийг бага ангийн багш болон цэцэрлэгийн багш нар эзэлж байгаа нь суурь боловсрол эзэмжиж байгаа хүүхдүүдийн хувьд эмзэглэмээр асуудал юм. Зөрчилтэй дипломтой багш нарыг хуулийн дагуу шалгуулж, арга хэмжээ авч, ажлаас чөлөөлнө. Дараагийн удаад хуурамч дипломтой багш нарыг байгууллагаар нь зарлана.   

Зөвхөн ЕБС, цэцэрлэгт шалгалт хийгээд зогсохгүй бүх шатны боловсролын байгууллагуудыг үргэлжлүүлэн шалгана" гэв.