Ерөнхийлөгч
2022.09.07 20:15
2588
Манай улс 9.4 сая га газрыг хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны ажлын хэсгийнхэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай болон тус газрын алба хэлтсийн дарга нарт “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг баталсан. 5 хэсэг, 49 заалт бүхий уг тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан 114 ажил, арга хэмжээ ирэх таван жилийн хугацаанд  орон даяар хэрэгжих юм. Хүнсний салбарт хэрэгжих дээр ажлуудыг төрийн 24 байгууллага хамтран хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар юм.

Уулзалтаар ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны ахлах референт Д.Цэвээндорж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, олон нийт, хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудыг мэдээ, мэдээллээр хангах Hunsniihuvisgal.mn сайтын танилцуулгыг хийлээ.

Мөн Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны референт О.Дамдиндулам "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хамтран хэрэгжүүлэх ажлыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Уулзалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас

Захиргаа, Удирдлага хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Ганхуяг

Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр

Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхгэрэл

Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Баянжаргал нар оролцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр танилцуулсан юм. Уг төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйн чиглэлээр төлөвлөгдсөн газар болон ашиглалтын талаар сонирхолтой тоон мэдээлэл, судалгааг танилцуулсан юм. Тухайлбал манай улсын хувьд 9.4 сая га газрыг хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглах боломжтой гэж газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.

УИХ-ын 36-р тогтоолд Газар тариалангийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажилд тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 200.0 мянган гектар хүртэл атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх, эргэлтийн талбайг 1.1 сая гектарт хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5.0 мянган гектараар нэмэгдүүлэх, тариалангийн газрыг улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах ажлыг тусгасан. Энэхүү ажил нь манай улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдах бөгөөд энэхүү ажлыг  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас удирдан зохион байгуулж, хамтран хэрэгжүүлэх юм.