Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төр
2022.09.12 11:25
3137
Дан дээл нөмөрсөн Д.Амарбаясгалан хөшигний цаанаас намаа удирдах уу?

Үндсэн хуулийн цэцийн 02 тоот тогтоолоор Үндсэн хуулийн 39-р зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон ЗГ-ын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүн шинэ сайд нараа томилсон юм.

Ийнхүү МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд дөрвөн улиран сонгогдож байсан Дашзэвэгийн Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон.

МАН-ын гал тогоог өдий зэрэгтэй барьж ирсэн Д.Амарбаясгаланг намын даргаасаа ч өндөр эрх мэдэлтэй төдийгүй намын нөхдийнхөө судсыг атгадаг гэлцдэг нь оргүй үг биш билээ. Түүнийг сайдаар томилогдохтой зэрэгцэн халааг нь авах хүмүүсийн нэрс тодорч эхэлсэн бөгөөд эхний эгнээнд ХНХ-ын сайд асан А.Ариунзаяа яригдаж байсан хэдий ч Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн албан тушаалд очсон юм.

Одоогийн байдлаар МАН-ыг "базах" хүний нэр тодроогүй байгаа хэдий ч дан дээл нөмөрсөн Д.Амарбаясгалан үргэлжлүүлэн хөшигний цаанаас МАН-аа удирдаж, давхар дээл өмсөх нь үү гэсэн ил, далд яриа гарах болоод буй нь мөн л огт үндэслэлгүй үг ч биш бололтой. Олны үг ортой гэдэг дээ!