Манай улс ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, гэр хорооллын төвлөрлийг багасгах, зах зээлд буй орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг 2013 оноос олгож эхэлсэн. Харин өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийг жилийн 6% хүүгээр 360 сар хүртэлх хугацаанд олгож буй.
Дээр дурдсанчлан ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилготой энэхүү зээлийг Худалдаа Хөгжлийн Банк эрх мэдэлтнүүд, эдийн засгийн боломжтой иргэд авдаг хэмээн буруу ойлгосон бололтой. Ийн хэлэхийн учир нь тус банкны нэгэн харилцагч манай редакцад хандсан юм.
Тэрээр Худалдаа Хөгжлийн Банкны харилцагч бөгөөд бусдын л адил эгэл нэгэн айл өрх эх орондоо сайн сайхан, элэг бүтэн амьдрахын төлөө гэр бүлийн хүний хамт гаднын оронд ажиллаж байрны урьдчилгаа төлбөрөө хийж ирээд тус банканд ипотекийн зээл авахаар хандсан байна. Гэтэл Худалдаа Хөгжлийн Банкнаас зөвхөн өөрсдийн гэрээт компаниудын байруудад л зээл олгоно гэжээ. Тус байрууд нь хэт үнэтэй байр бөгөөд залуу гэр бүлийн хувьд цалингаас цалингийн хооронд амьдарч буй энэ хүнд үед үнэтэй байр авах боломж бололцоо тааруу гэдгийг ярьж байсан юм.
Та хэзээ ипотекийн зээл авахаар Худалдаа Хөгжлийн Банканд хандсан бэ?
Анх хоёрдугаар сард ипотекийн зээл авахаар ХХБ-нд хандахад манайх зээл гарахгүй байгаа гэсэн. Бусад банк зээл хэвийн гаргаж байхад танайх яагаад гаргахгүй байгаа юм бэ гэхэд манайх зөвхөн санхүүжилт олгогдсон байрнууддаа гаргаж байгаа гэсэн. Тухайн байрнууд нь Хурд группийн барьж буй "Хүннү 2222" гэх мэт хэт үнэтэй байрнууд байсан. Тус барилгуудын м.кв-ын үнийг судлахад нэг м.кв нь 5-7 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа залуу гэр бүлийн хувьд энэ үнэ бол чанга шүү дээ. Ипотекийн зээлийн шаардлагын дагуу 80 м.кв-аас дээшгүй байх байр гэж үзэхэд 70 м.кв байр авахад 350 сая төгрөг, урьдчилгаа 250 сая төгрөг өгч байж 100 сая төгрөгийн зээл авна. Хүн болгонд 250 сая төгрөгийг бэлэн май гээд өгөхөөр байхгүй шүү дээ.
Танай зүгээс өөр ямар байр судалсан байсан бэ?
Өөрсдийн боломжид таарсан байраа олчхоод байхад тэрэн дээр зээл олгохгүй гэж байгаа юм. Яагаад Худалдаа Хөгжлийн банканд гомдолтой байна вэ гэхээр 2014 онд сургуулиа төгсөөд л шууд энэ банкны харилцагч болж, өөрийн эхнэр хүүхдийнхээ бүх дансыг ХХБ-нд нээлгэсэн. Учир нь дараа нь зээл авахад зээл судлахад амар байх гэж бодсон.
Бусад өөр банкнаас ипотекийн зээл авах хүсэлт гаргасан уу?
Тиймээ. Хаан банканд хандаж үзсэн. Та манайд данстай, манай харилцагч бол материалаа өгөөд хүлээж болно. Оочир их байгаа ч дарааллынхаа дагуу бүгд шийдэгдэж байгаа гэсэн. Гэвч би анхнаасаа л ХХБ-ны харилцагч байсан. Гэтэл ХХБ л ганцаараа бусад банкнаас давуу эрхтэйгээр манай санхүүжилт олгосон байрнаас л байр ав гэж тулгаж байгаа юм.
Худалдаа Хөгжлийн Банкны өөрсдийнх гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээ байсан бол хамаагүй шүү дээ. Би гомдох эрхгүй. Гэтэл энэ зээл чинь Монгол банк, МИК банкнуудтай хамтраад иргэддээ боломж олгох үүднээс хөнгөлөлттэй зээл олгож байгаа шүү дээ. Худалдаа Хөгжлийн банк өөрсдийнх нь гаргасан үйлчилгээ биш байтал харилцагчдаа ингэж хясан боогдуулж буйд туйлын их гомдолтой байгаа.
Энэ талаар холбогдох байгууллагуудад өргөдөл гомдол гаргасан уу?
Бүх шатны байгууллагуудад гомдол гаргаж үзсэн. 1111 Төв болон Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монгол банканд ч гомдол гаргасан. Одоогийн байдлаар аль ч газар хариу өгөөгүй. Миний хэлэх гэсэн ганц зүйл бол хүн болгон танилтай, ар талтай байх албагүй. Энгийн л нэгэн иргэд бид шударга хөдөлмөрөөрөө ажиллаж, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлчхээд зээл л авах гэсэн. Гэтэл энэ Худалдаа Хөгжлийн банк нийгэмд монополчлох гэсэн энэ үйлдлээ зогсоох ёстой. Мөнгө төгрөгийн боломжтой, үнэтэй байр авах чадалтай байсан бол юу гэж зээл хүсээд явах вэ дээ.
Та Худалдаа Хөгжлийн Банкны удирдлагад санал хүсэлтээ хүргүүлсэн үү?
Тиймээ. Гэтэл манайх ийм л зохицуулалттай байна. Өөр арга байхгүй л гэх тайлбар өгсөн. Худалдаа Хөгжлийн Банкийг олон жил сонгож үйлчлүүлснээрээ л би хохирч байх шиг байна. Монголчууд бүгд гадагшаа явж ажиллах болсон шалтгаан ердөө л энэ шүү дээ. Өөрийн гэсэн байр, орон сууцтай болохын төлөө л харь орныг зорьж байна.
Хэдхэн хором энэхүү залуу гэр бүлтэй ярилцахад үнэхээр цөхөрсөн, Монголдоо сайхан амьдрах итгэл найдвар алдагдсан мэт санагдаж байснаа нуух юун. Тэгш боломж, тэгш хүртээмжтэй байж гэмээнэ л иргэд эх орондоо ажиллаж хөдөлмөрлөж, улс орноо өөд татах байтал хүний наад захын хэрэгцээ орон байрны асуудлаас болж хэчнээн залуу гэр бүл харь оронд, хүний нутагт хөлсөө дуслуулан ажиллаж байгаа бол?