Нийгэм
2022.09.19 08:52
519
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022” нэгдсэн арга хэмжээ долоо хоног үргэлжилнэ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022” нэгдсэн арга хэмжээ өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж, долоо хоног үргэлжилнэ. 

16 дахь жилтэйгээ золгож буй энэ удаагийн өдөрлөгийг ХХААХҮЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар  зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймаг 9 дүүргийн үндэсний үйлдэрлэгч, газар тариалангийн салбарынхан зэрэг нийт 600 гаруй иргэн, аж ахуй нэгж, үндэсний үйлдвэрлэгчид оролцож өөрсдийн бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг шингээсэн органик бүтээгдэхүүнээ танилцуулж,  худалдаална. 

Есдүгээр сарын 25-ныг дуустал үргэлжлэх “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022” нэгдсэн арга хэмжээг нээж ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, НҮБ-ын ХХААГ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Монголын Хүнсчдийн Холбооны тэргүүн Д.Тэрбишдагва нар үг хэлнэ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээний үйл ажиллагаатай танилцана.

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд газар тариалангийн өдөрлөг, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа,  “Алсыг харъя органикийг сонгоё” органик хүнс үйлдвэрлэгчдийн өдөрлөг болон “Хоолны шоу” болно.

Мөн хүнсний ногооны дуудлага худалдаа зохион байгуулагдахаас гадна аймгуудын өв соёлын өдөрлөгтэй танилцлах боломжтой.