Нийгэм
2022.09.21 16:19
1414
Архангайн засаг дарга М.Батжаргал удаа дараа хууль зөрчиж буй нь ил боллоо

Архангай аймгийн засаг дарга Мишкагийн Батжаргал нь албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэж буй байдал нь өнөөдөр баримттай дэлгэгдлээ. Тэрээр өнгөрсөн оны 8-р сарын 30-нд Архангай аймгийн засаг даргаар томилогдсон бөгөөд жил гарны хугацаа өнгөрч байгаа юм. Харин тэрээр сонгогдсон хугацаандаа нутаг орны хөгжүүлэлтэд юу ч хийгээгүй хэр нь албан тушаалаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль гээд нэлээдгүй хууль заалтыг зөрчжээ. 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгч Х.Отгонбат нь ярихдаа М.Батжаргал нь 2021 оны 12 сарын 31-ний өдөр он солигдох мөчтэй уралдан А/910 тоот захирамж гаргаж, “Нобле ЭнержиХХК-д Цахир сумын “Хясаа-Уул” хэмээх газарт 256 га талбайд  түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.

Гэтэл Цахир сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 28-ний өдрийн “Цахир багийн Хясаа ууланд түгээмэл тархацтай  ашигт малтмал хайх  “Нобле ЭнержиХХК-н саналыг дэмжсэн” гэх 38-р тогтоол нь хуурамч бөгөөд Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал сумын Засаг дарга Д.Галбаатарт шахалт үзүүлж энэхүү хуурамч тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Баатарчулуун үйлдүүлсэн, тухайн өдөр тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаагүй байдаг. Мөн багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдаагүй байхад хуралдсан мэт  тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн хавсаргасан байна.

Нобле Энержи” ХХК нь 2015 онд байгуулагдсан. Ямар нэгэн үйл ажиллагааг явуулж байгаагүй компанийг М.Батжаргалын дотны найз, эрх чөлөө хөдөлгөөний хамтрагч, нэг намын нөхөр  М.Чимэддорж өөрийн нэр дээр 2021 оны 11 сард  шилжүүлэн авсан байдаг.  Ийнхүү маш дотны найздаа давуу байдал бий болгож 257 га  ашигт малтмал бүхий газрыг олгосон. Энэхүү асуудлыг 2022 оны 03  сарын сүүлээр Цахир сумын иргэд мэдэж эсэргүүцэж эхэлсэн тул аймгийн Засаг дарга дээрх шийдвэрээ цуцалсан хэдий ч энэхүү үйлдэл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.4 дэх заалтыг зөрчиж алтны илэрц бүхий газрыг түгээмэл тархац нэрээр халхавчлан өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэсэн гэмт хэргийн шинжтэй юм.

2022 оны 03-р сарын 30-ний өдөр Архангай аймгийн Цахир сумын ИТХ хурал хуралдаж  Засаг дарга Д.Галбаатарыг огцруулах шийдвэр гаргасан. Тус хурлын шийдвэрийг  Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалд хүргүүлсэн байдаг. М.Батжаргал ашиг сонирхол нэгтэй  Цахир сумын Засаг дарга Д.Галбаатарыг хаацайлсаар, Д.Галбаатар нь өнөөг хүртэл ажлаа хийсээр байна.

Гэх мэт олон зөрчил үүсгэсэн гэж байлаа. Тэрээр үүгээр зогсохгүй төрийн албан хаагчийн ажлын өрөөнд Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгч Х.Отгонбатыг заналхийлж, эмзэг эрхтнээс нь базаж, заамдаж авах зэрэг үйлдлүүд гаргаж байсан байна. Энэ мэт төрийн албан хаагч хүнд байхааргүй балмад зан авир гаргадаг нь одоо нийгэмд тохирох зүйл биш юм. Тэр тусмаа аймгийн засаг дарга хүний ёс зүйд бүр ч нийцэшгүй зүйл.