Засгийн газар
2022.09.26 11:47
1479
Төр  хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй, аж үйлдвэрийг нь булаахгүй гэсэн ХААНА байна?

Хувийн хэвшлээ дээрэмдэх төрийн дээрэм улаан цагаандаа гарч байгаагийн нэг жишээ нь "Дарханы арьс ширний цогцолбор".

Манай улсад арьс ширний бүтээн байгуулалт, үйлдвэрлэл нь эдийн засагт чухал нөлөөтэй салбар гэдэгтэй хүн бүр санал нийлнэ. Өнөөдөр Эмээлтийн зах дээрх үйлдвэрүүдэд арьс шир овоорч, өмхийрөн илжирч, үнэгүйдсээр хогийн цэг дээр хэвтэж байгаа нь бодит байдал.

Цаашид бид арьс ширийг үйлдвэрлэж, боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож экспортод гаргах нь уул уурхайн бүтээгдэхүүний дараа Монгол улсыг чирэх томоохон салбар. Тиймээс арьс ширний үйлдвэр манай улсад зайлшгүй хэрэгтэй байгааг өнөөдрийн нөхцөл байдал бэлхнээ харуулна.

Харамсалтай нь Дарханы төвөөс 4 км-ын зайд дөрвөн жилийн өмнө баригдсан ”Дарханы арьс ширний цогцолбор” төслийн ажил зогсчээ. Тодруулбал жилд 10 сая ширхэг арьс боловсрууж, гадны зах зээлд гаргах хүчин чадалтай тус үйлдвэрийн хажууд, ижил  чиглэлээр үйл ажиллагаа явуулах  “Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” нэртэй ТӨХК-ийг байгуулж, ТЭЗҮ-г нь хийлгэхээр ажилдаа орсон байна.  Энэ нь нэгэнт 60 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа хувийн хэвшлийн бүтээн байгуулалтын ажил зогсох шалтгаан. 

МУ-ын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 185-р тогтоолоор Дарханы арьс ширний цогцолбор төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах “Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХК-ийг байгуулжээ.

Харин Засгийн газрын тогтоол ёсоор хувийн хэвшлийнхний барьсан бүтээн байгуулалтын дэд бүтцийг төр хариуцах ёстой бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас хувийн хэвшил цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшил 57 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийсэн  бөгөөд хэрэв эрх баригчид дээрх тогтоолоо хэрэгжүүлэхгүй бол хувийн хэвшлийн бүтээн байгуулалт балгас болон замхрах эрсдэлтэй байна.  

Төр  хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй, аж үйлдвэрийг нь булаахгүй, харин ч цаашид “хамтарна”, “дэмжинэ” хэмээн “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгасан ч эсрэгээрээ  төр дээрмээ хийсээр...  бизнес эрхлэгчдээ нухчин дарсаар.  

Хувийн хэвшлийг булаах, дээрэмдэх суурийг 2020 оноос ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан тавьж, дээрх тогтоолын гажуудуулж, эсрэгээр нь ашиглаж, хувийн хэвшилтэйгээ яг ижил үйлдвэр барихаар ажлаа эхлүүлээд албан тушаалаасаа буусан юм.

Тодруулбал, ТӨХК-ийн нэрээр жилд 4.4 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэр барихаар Италичуудаар тэрбум орчим төгрөгөөр ТЭЗҮ хийлгэсэн байна.  Энэ мэт улс орны хөгжлийн эсрэг хийсэн хүнээс хариуцлага нэхэх ёстой. 

Харин эсрэгээрээ төрд  хувийн хэвшлээ булаалгахгүй, зах зээлээ өгөхгүй хэмээн тэмцдэг бизнес эрхлэгчдээ  хорьж, саатуулан сүрдүүлж, наймдугаар сарын 21-нд “Дархан арьс ширний цогцолбор”-ын гүйцэтгэх захирал Д.Энхбаярыг баривчилж, цагдан хорилоо.

Түүнийг Хөгжлийн банкнаас  авсан 15 тэрбум  төгрөгөө төлөөгүй хэмээн цагдан хорьсон гэж байгаа ч хөгжлийн төлөөх зээлийг арилжааны зээлтэй адилтгаж, долларын өсөлт ханшийн зөрүүнээс үүссэн зөрүүг өр болгож хувийн хэвшлүүдээсээ нэхэх замаар зориуд бойкотлон дампууруулж, шорон гяндангаар айлгаж байгаагийн тод жишээ энэ.  

Өнөөдөр иргэдийн төрд итгэх итгэл өдрөөс өдөрт алдарч, төр  төмөр нүүрээ хувийн хэвшлийхэндээ гаргаж, бодлого шийдвэр нь тэднийг сөхрүүлж байхад улсын хөгжил яриад ч яахав. Төр өөрөө сайн менежер байж, хувийн хэвшлүүдээрээ гүйцэтгүүлж, хамтран ажиллаж дэмжих хэрэгтэйг эрх баригчид мэддэг баймаар.