Авлигатай тэмцэх газраас эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 708 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
- Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Д” нь жирэмсний амралт нь дуусаж эргүүлэн томилогдсон албан хаагчаас 2.5 сая төгрөгийн хахууль авсан, байгууллагын төсвийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.