Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.09.27 18:17
2226
Сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр ЕСБХБ-тай хамтран ажиллана

Монгол Улсад албан айлчлал хийж буй Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид баримтлах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийн талаар харилцан санал солилцлоо.  

Цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах үүднээс УИХ, Засгийн газраас зургаан зүйл бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байгаа талаар болон Засгийн газар ирэх 2023-2024 онд дээрх зорилт, чиглэлүүдэд гол анхаарлаа хандуулж буйг хэллээ.

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд нүүрсээр ажилладаг цахилгаан, дулааны станцуудтай, мөн экспорт, импортын дийлэнхийг эрчим хүч (нүүрс, бензин шатахуун, шатах тослох материал) эзэлдэг учраас ус болон нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, ашиглахад түлхүү анхаарах зорилт дэвшүүлээд буй. Бид олборлох салбараас гадна боловсруулах, үйлдвэрлэх салбарыг хөгжүүлж ажлын байруудыг шинээр бий болгох, гадаад худалдааныхаа тэнцлийг сайжруулахыг зорьж байна. Мөн хүн амын дийлэнх нь нийслэл Улаанбаатар хот зэрэг томоохон хот суурин газруудад төвлөрсний улмаас олон хүндрэл бэрхшээл тулгамдаж буйг шийдвэрлэхийн тулд Хот-Хөдөөгийн сэргэлтийг тэнцвэртэй авч үзэхийн зэрэгцээ Ногоон хөгжлийн асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байгааг илэрхийлэв.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны удирдлагууд ч мөн адил хүлэмжийн хийг бууруулах, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих тал дээр нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлээд, өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд тулгамдсан асуудлын нэг болсоор ирсэн дэд бүтцийг сайжруулах чиглэлд мөн хөрөнгө оруулах боломжтой гэдгээ хэлсэн юм.

Тус банкнаас сүүлийн 16 жилд Монгол Улсад нийт 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд түүний 93% нь хувийн хэвшилд олгогдсон болно.