Нийгэм
2022.09.30 13:14
869
С.Амарсайхан: Хүн амын эрүүл мэндийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэх явдал нь сүрьеэтэй хэрхэн тэмцэхээс ихээхэн шалтгаална
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийн нийт хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин байсаар байгаа бөгөөд Монгол Улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэгд тооцогддог. Манай улсад жилд дунджаар 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилж, жил бүр 200 гаруй хүн энэ өвчний улмаас нас барж байгаа нь халдварт өвчин дотроо тэргүүлж буй үзүүлэлт юм. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар ЭМЯ, ХӨСҮТ, “Глобаль” сан зэрэг байгууллагууд хамтран “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
Тус чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээр “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” гэсэн уриан дор зохион байгууллаа. Учир нь сүүлийн жилүүдэд Коронавируст халдварт цар тахлаас шалтгаалан сүрьеэгийн илрүүлэг дэлхий дахинд буурч, сүрьеэгийн далд халдвар ихсэх, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэх хандлага ажиглагдах болсон. Манай улсад ч сүрьеэгийн эрт илрүүлэлт цар тахлын өмнөх үеэс 30 орчим хувиар буураад байгаа тул цаашид энэхүү өвчний эсрэг авах хариу арга хэмжээг илүү үр дүнтэй байлгахын тулд нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал зэрэг олон салбарын хамтарсан хүчин чармайлт хэрэгтэй байна. Цар тахлын үед архаг хууч өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлд орж, ялангуяа манайд хамгийн элбэг тохиолддог амьсгалын тогтолцооны өвчлөл нь хүндрэл, нас баралтын гол шалтгаан байсныг бид бүгдээрээ мэднэ. Хүн амын дундах эрүүл мэндийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэх явдал нь сүрьеэтэй хэрхэн тэмцэх, яаж урьдчилан сэргийлэхээс ихээхэн шалтгаална” хэмээн онцоллоо.
Тус чуулга уулзалтад Сүрьеэгийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан зөвлөх Андрей Моснега, Глобаль сангаас Монгол Улсын хөтөлбөрийг хариуцсан менежер Аллан Нфамба, Паул Нунн ахлагчтай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн хөтөлбөрийн хөндлөнгийн хараат бус үнэлгээ хийж буй багийн гишүүд болон бус төлөөлөгчид оролцсон юм.
Сүрьеэгийн бие даасан эмнэлгийг яаралтай барих, төсөв хөрөнгийг нь шийдвэрлэх, мөн шинэ эмнэлэгт ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд одооноос анхаарах нь чухал байгааг чуулганд оролцогчид хэлж байлаа. Мөн сүрьеэ өвчнөөр өвчилсөн иргэдийг ялаварлан гадуурхах явдал нийгэмд байгаагийн улмаас өвчнөө нуусаар далд хэлбэрт оруулах, хүндрүүлэх тохиолдол гарсаар байгаа тул хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ялгаварлан гадуурхалтыг зогсоох нөлөөллийн ажлууд хийх шаардлага байгааг хөндөж байв.