Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2022.10.03 13:15
1452
Д.Нарангиймаа: “Экспо Монголиа-2022” хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэхэд түлхэц үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулах таатай нөхцөлийг эрэлхийлж байгаа. Цар тахал, геополитикийн асуудлаас үүдэлтэй дэлхий нийт шинэ цаг үетэй хөл нийлүүлж байна. Энэ үед Монгол Улсад уул уурхай, хөдөө аж ахуйн гээд бүх салбарт хөрөнгө оруулалт татах таатай боломж бүрдэж байгаа юм.

Тэгвэл хөрөнгө оруулалтын урсгалыг татах, гадны шинэ техник, технологи, “Ноу хау”-тай танилцах боломжийг найм дахь жилдээ болох “Экспо Монголиа-2022” олон улсын үзэсгэлэн, бага хурал олгох гэж байна.

Энэ талаар “Экспо Монголиа-2022” олон улсын үзэсгэлэн, бага хурал зохион байгуулагч “JV Consult LLC” компанийн Гүйцэтгэх захирал Д.Нарангиймаатай ярилцлаа.

“Экспо Монголиа”олон улсын үзэсгэлэн,бага хурлын арга хэмжээ Монголын эдийн засаг, бизнесийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсаар ирсэн. Цар тахлын дараа болж буй “Экспо Монголиа-2022” олон улсын үзэсгэлэн, бага хурлын онцлогийн талаар яриагаа эхлэх үү?

Бид найм дахь жилдээ“Экспо Монголиа” арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна.  “Экспо Монголиа-2022” олон улсын үзэсгэлэн, бага хурал аравдугаар сарын  12-14-ны өдрүүдэд Мишээл ОУҮХТ -д болох юм.

Дэлхий нийт цар тахал, дайн гээд амаргүй үетэй тулгарч байгаа ч манай улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэх дорвитой том төслүүд,бодлогууд хэрэгжүүлж эхлээд байгааг олон улс анхааралтайгаар сонирхон харж байна. Уул уурхай, хүнс,хөдөө аж ахуй, газар тариалан, үйлчилгээний салбаруудаа хөгжүүлэн экспорт хийх гарц бидэнд бүрдлээ. “Экспо Монголиа-2022” үзэсгэлэн, бага хурлын зохион байгуулалтын явцаас харахад гадны улс орнуудын оролцох идэвх эрс сайжирсан нь ажиглагдсан бөгөөд арваад орны 40 гаруй компани “Экспо Монголиа-2022” үзэсгэлэнд  оролцохоо мэдэгдэж бүртгүүлээд байна. Эндээс Монгол Улсыг сонирхох сонирхол их байна гэж дүгнэж болохоор юм. Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас “Экспо Монголиа-2022” арга хэмжээг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Тиймээс энэ жилийн үзэсгэлэн маань  Монгол Улсын Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн таатай орчин” уриан дор болно. Үзэсгэлэн бага хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлоготой гадны хөрөнгө оруулагчид танилцах боломжтой. Түүнчлэн дотоодын компаниуд оролцохоо мэдэгдэж бүртгүүлж байна. Ингэснээр гадаад, дотоодын аж ахуйн нэгж, компаниудын хамтын ажиллагаа өрнөх том боломж нээгдэнэ.

Монгол Улсад хөрөнгө оруулалт татахад гүүр болох “Экспо Монголиа-2022” үзэсгэлэнг ХБНГУ, Чех улсын Засгийн газраас нэлээн ач холбогдол өгч оролцож байгаа гэж сонссон. Гадны ямар компаниуд үзэсгэлэнд оролцохоо мэдэгдээд байгаа вэ?

Тийм ээ.  ХБНГУ, Чех улсын Засгийн газраас Экспо Монголиа-2022” үзэсгэлэнд маш их ач холбогдол өгч байгаа. Экспо Монголиа-2022” үзэсгэлэн, бага хурал нь зөвхөн уул уурхай гээд аль нэг салбарыг онцолдоггүй. Бүх салбарыг хамруулан оролцуулдагаараа бусад үзэсгэлэнгээс давуу талтай. Энэ удаа барилга, зам тээвэр, уул уурхай, хүнсний сав, баглаа боодол, халаалтын систем, саарал болон цэвэр усны инженерчлэлийн компаниуд түлхүү оролцоно.   Тухайлбал уул уурхайн автомат анализор, дэлгэцээр хянах төхөөрөмжийг суурилуулан боловсруулдаг "ENELEX SPOL. S.R.O"LLC, Хүнс, барилга, уул уурхай, экологи гээд бүх салбарт автомат хянагч, ялган хуваарилах системийг үйлдвэрлэгч "TOMRA"LLC,  Дулааны, агаарын болон эрчим хүчний салбарт бүтээгдэхүүн борлуулдаг "Wolf Gmbh"LLC,  Нийтийн хоол, тав тухтай байдал, төрөлжсөн, шинэхэн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хоол бэлтгэх, зүсэх, угаах, хатаах, хальслах, савлах  зориулалттай дан болон тусгай машин, тоног төхөөрөмж, иж бүрэн боловсруулах шугам үйлдвэрлэгч

"KRONEN"LLC зэрэг компаниуд оролцох юм.  

Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн үзэсгэлэн, бага хурал  Монгол Улсын эдийн засагт ямар боломжуудыг авчирна гэж харж байгаа вэ?

Дэлхий даяар амаргүй байгаа энэ үед бизнесийнхэн гадагшаа явж шинэ Ноу-хау, техник, технологитой танилцах боломж хомс. Харин гадны хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид өөрсдөө ирж, Монголын бизнесийнхэнд шинэ техник, технологио танилцуулах гэж байгаа нь давуу тал юм. Тэдэнтэй хамтарч ажиллах, холбоо тогтоох нь манай бизнесийнхэнд нээлттэй. Тиймээс энэ боломжийг манайхан бүрэн дүүрэн ашиглаасай гэж бодож байна. Мэдээж “Экспо Монголиа-2022” Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж, хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэхэд түлхэц үзүүлнэ гэж найдаж байгаа. Нөгөөтэйгүүр цар тахал, Орос Украины дайн гээд дэлхий даяар амаргүй байгаа ч Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа тэлэхээр томоохон хөгжлийн бодлогуудыг хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг. Хоёр их гүрний дунд орших Монгол Улсыг дэлхий маш анхааралтай ажиглаж, ач холбогдол өгч байна. Тиймээс манай компани дараа, дараагийн “Экспо Монголиа” арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар  одооноос ажлаа эхлүүлээд явж байгаа. 

Мөн Орос,Хятад улсад  суурин төлөөлөгчийн газраа нээсэн  дэлхийн томоохон компаниуд  үйл ажиллагаагаа түр болон бүр мөсөн зогсоож байгааг та бүхэн мэднэ. Ийм үед монголчууд газар зүйн байрлалынхаа хувьд  давуу талыг ашиглах боломж бүрдэж байгаа бөгөөд энэ нь гадныхны сонирхлыг татаж байна.

“Экспо Монголиа” олон улсын үзэсгэлэн, бага хурал зохион байгуулагдаад багагүй хугацааг үдлээ. Гадны орнуудын ноу-хау, шинэ технологиуд Монголын хөрсөнд хэрхэн нутагшсан бэ?

-“Экспо Монголиа” үзэсгэлэнд оролцоод бизнесээ тэлсэн маш олон команиуд бий. Тодруулбал, ХБНГУ-ын Кронес компанийг нэрлэж болно. Тус компани Монгол дахь төлөөлөгчийн хамт жил бүр “Экспо Монголиа” үзэсгэлэн, бага хуралд оролцож бизнесийн түншлэл бий болгон АПУ,MCS зэрэг манай улсын тэргүүлэгч компаниудтай хэдийн хамтын ажиллагаагаа эхлүүлсэн нь бидний ажлын үр дүн юм.  Мөн ХБНГУ-ын усны нийгэмлэг Хөвсгөл аймагтай шифийн харилцаа тогтоож, Монгол Улсын цэвэр усны нөөц болох Хөвсгөл нуурт олон төсөл хэрэгжүүлж байна. Deutsche Welle ХХК манай үзэсгэлэнд оролцож германы бүтээгдэхүүнүүдийг танилцуулж бизнесээ өргөжүүлэн амжилттай ажиллаж байгааг дурдахад таатай байна.Мөн дэлхийн тэргүүлэгч Thyssen Group,Siemens Group  манай үзэсгэлэнд оролцож том төслүүдийг эхлүүлсэнийг дуулгахад таатай байна.

“Экспо Монголиа” арга хэмжээ нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгаар хязгаарлагддаггүй. Хурлын үеэр VIP уулзалтууд  болж,  асуудлыг хэлэлцдэгээрээ онцлогтой. Энэ удаагийн бага хурлын сэдэв юунд чиглэх вэ?

Гадны оролцогсод Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөрөнгө оруулалтын орчныг илүүтэй сонирхдог. Өөрөөр хэлбэл тэд хөрөнгө оруулалтын ямар таатай нөхцөл хүлээж байгааг, улс төр, эдийн засаг, татварын нөхцөл  ямар байгааг хамгийн түрүүнд сонирхдог. Тиймээс Монгол Улсын төрийн байгууллагуудаас бодлого, төлөвлөгөөгөө  танилцуулж, мэдээлэл өгдөгөөрөө онцлогтой. Энэ удаа Засгийн газраас нэлээн ач холбогдол өгч оролцож байгаа учраас өмнөхөөсөө илүү ажил хэрэгч болох байх. “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсын Алсын хараа -2050” зэрэг сэдвийн хүрээнд бага хурал өрнөнө.

“Экспо Монголиа” арга хэмжээг олон улсын стандартын дагуу зохион байгуулдаг. Бусад үзэсгэлэнгээс үзүүлэнгийн угсралт стэнд нь ялгардаг. Үзэсгэлэнгийн  арын албанд  ямар байгууллагууд ажилладаг вэ?

 Бид үзэсгэлэнгээ Европ стандартын дагуу зохион байгуулж, гүйцэтгэл, тохижилтоо хийдэг. Манай толгой компани ХБНГУ-ын Мюнхен, Ханбург хотуудад байрладаг. Зөвхөн үзэсгэлэнгийн менежмент, стэнд угсралтаар дагнасан 40 гаруй жилийн түүхтэй туршлагатай мэргэшсэн хамт олон бий. Дэлхийн 10 гаруй оронд үзэсгэлэн зохион байгуулдаг. Бид үзэсгэлэнгийн танхимыг тохижуулахдаа гэрэл, тусгаарлагч, шалыг ХБНГУ-аас авчирч угсардаг. Мөн олон улсын агентуудтай хамтран ажиллаж оролцогчддоо оролцуулдаг.

Дэлхийд Мюнхен, Дюссэлдорфийн олон улсын үзэсгэлэнгийн танхимууд алдартай.  Ингэхэд танай компанийн зүгээс дэлхийн хэмжээний томоохон үзэсгэлэнд Монголынхоо аж ахуйн нэгжүүдийг оролцуулахад хэр анхаарч байгаа вэ?

 Манай компани нь ХБНГУ-ын Мюнхен, Дюсселдорф  хотын олон улсын үзэсгэлэнгийн танхимын  Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. “Мюнхений Үзэсгэлэнгийн Танхим”-аас зохион байгуулдаг “Bau”үзэсгэлэн   дэлхийн барилгын салбарын хамгийн томд тооцогддог. Мөн уул уурхай, машин, техник технологийн гол үзэсгэлэн болох “BAUMA” ирэх аравдугаар сард болно. Дэлхийн уул уурхайн салбарынхан цуглардаг энэхүү үзэсгэлэнд Монголынхоо уул, уурхайн компаниудыг идэвхтэй оролцуулж ирсэн. Энэ удаад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр оролцоно.

Мөн шингэн хүнсний сав, баглаа боодол, үйлдвэрлэлийн дэлхийн нэг номерын “Drink Tech”үзэсгэлэнд Монголын тэргүүлэгч хүнсний компаниудыг оролцуулахаар ажиллаж байна. 

Дотоодын компаниуддаа хандаж та юу хэлэх вэ?

“Экспо Монголиа-2022” олон улсын үзэсгэлэн, бага хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Шинэ боломж та бүхний гарт байна. Цаг хугацаа, мөнгө зарахгүйгээр дэлхийн компаниудын шинэ техник, технологитой танилцахаас гадна түншлэх боломж бидэнд байгаа шүү гэдгийг хэлье.

2022 оны 10 сарын 12-14 нд Мишээл Эккспо ОУҮХТ-д болох үзэсгэлэндээ та бүхнийг урьж байна гэлээ.