Олон хоногоор аялалд явах тохиолдолд хоол хүнсээ мөн адил олон хоногоор бэлдэнэ. Ихэвчилэн хот суурин газраар байнга ороод байхгүй тул аялалд оролцогчид урьдчилан сайтар бэлдсэн байна. Иймд хоол хүнсний материал сонголт, аяллын хугацаан дахь хадгалалт зэргийг урьдчилан сайтар тооцох нь зүйн хэрэг. Аяллын үед галууд /аялал эхлэхээс өмнө хэд хэдээр нийлсэн багийн гишүүд/ хоол хүнсний материалаа гэмтэх, чийг авах, элдэв масло, бензин зэргийн үнэр шингэх зэргээс ямагт болгоомжилдог. Ингээд доор аяллын үед хэрхэн хоол хүнсээ аюулгүй хадгалж болох зааварчилгааг орууллаа. Хүнсээ хэрхэн аюулгүй хадгалах вэ? Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4-өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй. Иймд хөргөгчинд буюу бага температурт зайлшгүй хадгалах хүнсний түүхий эд авахаас аль болох татгалзах, эс бөгөөс аяллын эхний өдрүүдэд хэрэглэх хэрэгтэй. Баглаа боодолгүй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн болон, удсан хүнсний бүтээгдэхүүн бүү худалдаж ав. Завсар зайтай болон таглаагүй саванд удаан хадгалсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Хуванцар сав нь хүний биенд хортой байдаг төдийгүй тухайн хүнсний зүйлтэйгээ урвалд орж болзошгүй. Иймд хуванцар савтай бүтээгдэхүүнийг эхний ээлжинд хоолонд хэрэглэх. Таг нь товойсон, эсвэл онгорхой лаазтай бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Хэрэв тийм тохиолдолд сав баглаа боодол дээрх үйлдвэрлэсэн хугацааг харах ба гар дээр очихдоо тээвэрлэлтийн горим алдагдсан байж болно. Мөн аяллын явцад хадгалалт алдагдсан байж болно. Хоолоо болгосны дараа аяллын явцад идэхээр бол голчлон хоёрдугаар хоол хийсэн байх ба тослог багатай байх. Түүхий нойтон маханд бичил биетэн үржих аюултай. Иймд аяллын турш голчлон шуузалсан мах ашиглана. Шууз хийх арга: Дулааны улиралд махыг нойтноор нь хадгалах уламжлалт арга бол шуузлах явдал юм. Махыг шуузлахын тулд жижигхэн хөшиглөж ширмэн тогоонд хуурна. Ингэхэд их хэмжээний шүүс ялгарна. Энэхүү шүүсийг биед нь шингээж ширгэтэл нь хуурна. Хуурах явцад шүүсэндээ давс нэмж уусгасаар нэлээд шорвогдуу болтол хийнэ. Хонины бүтэн маханд шаазан аяга давс орно. Ус нь бүрэн ширгэх үед хөшиглөсөн махны ширхэгүүд хоорондоо наалдахгүй бутрамхай болж тос нэвчиж борлоно. Хуурч буй махнаас уур гарахгүй болсон үед сая боллоо гэж үзнэ. Ингэж бэлтгэсэн махыг хавтгай мод буюу дэвсгэр дээр сүүдэр сэрүүн газар тавьж сайтар хөргөнө. Хөргөсөн махыг сэрүүн орчинд паалантай буюу модон саванд хийж, гулууз модоор хий орох завсаргүй нягт чигжинэ. /10 кг үхрийн мах 2 литрийн ундааны саванд 1 бүтэн, 1 хагас орно/ Хэрэв тийм сав үгүй бол ундааны сав эсвэл жүүсний саванд хийнэ. Ингээд таганд нь зай завсаргүй нягт таглана. Ингэж бэлтгэсэн шуузыг нар шарахгүй сүүдэр газар хадгалаад хэрэглэнэ. Хэрэглэхдээ савны амыг аль болох бага нээж халбагаар хутган авч буцламгай халуун усанд хийж ялимгүй чанана. Хоносон хоол хэзээ ч бүү хэрэглэ. Тэнд үржсэн нян ходоодонд орж, дотор гэдэсний өвчин үүсгэх нөхцөл болдог бөгөөд хоносон хоол хэрэглэснээс бид нар өөртөө л өвчин бий болгодог. Ихэнх өвчин ходоодноос үүдэлтэй байдаг. Хүнсээ хэрхэн аюулгүй хэрэглэх вэ? Хоол идэхийн өмнө гараа сайтар савандаж угаана. Гарын алчуур цэвэрхэн байх нь чухал. Гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулалттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно. Эсвэл нойтон салфетка, гар цэвэрлэгч шингэний аль нэгийг хэрэглэж занших хэрэгтэй. Ямар нэгэн гадны биет буюу бохирдуулагч зүйл /хүн, амьтны үс, ноос болон бусад/ байгаа эсэхийг шалгаж, сайтар цэвэрлэ. Хэрэв хэт бохир зүйл байвал хэрэглэхгүй байхыг зөвлөе. Түүхий ус нь ямар нэг нянгаар бохирдсон байж болох тул хүндээр өвчлүүлэх магадлалтай. Тиймээс ялангуяа аяллын явцад уул уурхайн ойр орчмын ил задгай уснаас ундны усаа авахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Галууд ус хийх 20-25 литрийн багтаамжтай /таглаа маш сайн/ савтай явбал сайн. Болж өгвөл усаа буцалгаж халдваргүйжүүлсний үндсэн дээр хэрэглэвэл сайн. Ундаа болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих хэрэгтэй. Унаанд их тоосжилттой байх тул. Ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа байнга угаах хэрэгтэй. Телефон болон гар утсанд өвчин үүсгэгч нян хамгийн ихээр хуримтлагддаг. Хоол идэж байхдаа утсандаа бүү хүр. Гараа тогтмол угааж заншвал хоол хүнсээр халдварлах өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байна.