Улсын бүртгэлийн байгууллагын зарим бүртгэгч, албан тушаалтны хууль бус хуумгай үйлдлээс болж тухайн салбарт ажиллаж буй ажилтны нэр хүнд сэвтэж байна. УБЕГ-ын харьяа нийслэлийн дүүргүүд дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нараас цөөнгүй хүн эрүүгийн хэрэгт холбогдож, АТГ-ын үүдийг сахиж, зарим нь шүүхээр гэм буруутай эсэхээ дэнслүүлэхээр болоод буй юм.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Д.Чинтулга нарыг Ардчилсан намын тамга тэмдэгтэй үйлдэлд холбоотой шалгаж байна гэж мэдээлээд буй.
Түүнчлэн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд, эхнэр Х.Янжингаажид нарын гэрлэлтийн бүртгэлийг авлига авч, хууль бусаар хийсэнбайж болзошгүй үйлдэлд тус газрын ажилтнуудыг ч холбогдуулан шалгаж байгаа билээ.
Тэгвэл улсын бүртгэгч нартай холбоотой өөр цөөнгүй хууль бус үйлдлийг АТГ-ынхан шалгасан байна.
Тухайлбал Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Золзаяа нь УБЕГ-ын Иргэний бүртгэлийн гадаадад зорчих эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл хийснийг АТГ-ын мөрдөгчид тогтоожээ. Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Уг нь Засгийн газрын 2016 оны 126-р тогтоолын хавсралтаар баталсан журамд зааснаар Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт авах хүсэлтээ биечлэн гаргахаар заасан байдаг. Харин Б.Золзаяа нь уг заалтыг зөрчиж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан хэрэгт холбогджээ. Зөвхөн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нь энэ бөгөөд өөр гэмт үйлдлүүд ч байж болзошгүй гэх мэдээлэл бий. 2017 оноос Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллахдаа дандаа гадаад паспортын бүртгэл хийсэн нь өөр ийм хэрэг өдүүлсэн байж болзошгүй гэсэн хардлага дагуулдаг аж.
Гадаад паспорт бүртгэж, олгодог албан тушаалтнуудтай холбоотой өөр нэг хэргийг Баянголдүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд 60 хоногийн дотор нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан байна. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч Г.Ган-Утас хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байсан С.Энхчимэг нар Монгол Улсад байхгүй В.Алтангэрэл гэх хүний гадаад паспорт гаргуулах хүсэлтийг авч олгосон хэрэгт холбогдсон юм. Уг хоёр ажилтанд прокуророос албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон хэмээняллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан.
Дээрх бүртгэгч нараас гадна саяхан УБЕГ-таа шилжин албан тушаалд томилогдсон н.Мөнхтогтох гэдэг хүнтэй холбоотой үйлдлийг АТГ-ынхан шалгаж байна. Баянгол дүүргийн нутаг Гандангийн дэнж орчмын өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг зам барина хэмээн улсын мэдэлд авч, өмчлөгч иргэнд нь нөхөн олговор өгсөн аж. Гэвч зам бариад үлдсэн хэсэг нь эзэнгүй болмогц дээрх н.Мөнхтогтох гэх албан тушаалтан гэрчилгээ гарган зарсан, мөн хээл хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон байна.
Эх сурвалж:UNUUDUR.MN