“Токио-2020” олимпийн наадмын хүрэл, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн аварга, “Их Дуулга”-ын дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар 73 кг-ын жинд дэлхийн аварга хэмээх алдрын оргилд гарч, “Humo Arena”-д Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, алтан соёмбот далбаа мандахаар боллоо.
Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Японы алдарт Соичи Хашимотог нэмэлт цагт цэвэр ялж “Аваргыг давж аварга” болдогийн тод жишээг тод томруунаар харуулж чадлаа.
Ц.Цогтбаатар Монголын жүдочдоос 5 дахь дэлхийн аварга болж буй бөгөөд Х.Цагаанбаатар “Роттердам-2009”, М.Уранцэцэг “Рио де-Жанейро-2013”, Г.Болдбаатар “Челябинск-2014”, Д.Сумъяа “Будапешт-2017” алтан медалийн эзэн болж байлаа.