Төрийн мөнгөөр туйлагсад ИНЕГ-т үүрлэснийг хэвлэлүүд өмнө нь мэдээлж байлаа. Гэвч олон хүний амь нас, эд хөрөнгөтэй шууд хамаатай тус салбарт дураараа дургиж, татвар төлөгчдийн мөнгөөр үр хүүхэд, ах дүүгээ тэжээдэг явдал тасрахгүй бололтой. “Зууны мэдээ” иймэрхүү хурган дарга нарыг илчилж тус газрын дэд дарга Ц.Энх-Амгалангийн хүү Э.Ганхүү 2009 оны өвөл Улаанбаатар- Бээжингийн чиглэлийн аялалд хууль бусаар туслах нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байхдаа ноцтой алдаа гаргаж 185 хүний амиар “тоглох” шахсан талаар бичиж байсан юм. Тухайн үед энэ явдалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч Ц.Энх-Амгалан хүүгтийнхээ хамт гадаадад гарч яваад хэрэг намжихаар эргэн ирсэн гэдэг юм. Эргэж ирэхдээ томоохон албан тушаалтны дэмжлэгтэйгээр дахин ИНЕГ-ын тэргүүн дэд даргын суудалд тухлаж, хүүгээ ч хууль бусаар дахин Бойнг онгоц жолоодуулахаар “чичирч” эхэлжээ.
Хамгийн харамсалтай нь Ц.Энх-Амгалан дахин дарга болмогцоо өмнөх алдаагаа засах нь бүү хэл хэл төсвийн мөнгөнөөс орон сууцны дэмжлэг, хүүгийнхээ сургалтын төлбөрийг гаргуулж, хүүгээ “Бойнг” онгоцны нисгэгч болохоор зүтгэх болсон байна. Тэрээр өмнө нь МИАТ, ИНЕГ-т ажиллаж байхдаа хоёр удаа орон сууц авсан нь бүртгэлтэй байдаг аж. Гэтэл тэрээр албан тушаалаа ашиглан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөн л орон сууцны дэмжлэг хэмээн 30 сая төгрөгийг гаргуулж авчээ. Дашрамд дурдахад Иргэний нисэхийн өмнөх дарга С.Буяндалайн яг ийм асуудал нь шалгагдах энэ тэр дээрээ хүрээд байгаа гэсэн.
Орон сууцнаас гадна бас өөр зүйл байна. Тэрээр өөрийн хүү Э.Ганхүүгийн Канад улсад нисгэгчийн сургуульд суралцсан зардал гэх 59 мянган ам доллар буюу 100 орчим сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр ИНЕГ-ын даргын 2014 оны зургадугаар сарын 13-ны оны А/286 тоот тушаал гаргуулж амжжээ. Тэрээр Канадад сургуулиа төгссөн гээд Бойнг жолоодох эрх хүссэн өргөдлийг өнгөрсөн зургадугаар сарын 04-нд бичсэн байна. Өөрөөр хэлбэл хүү нь аль эрт сургуулиа төгсөөд ирчихсэн гэсэн үг. Гэтэл аав нь үүнээс 10 хоногийн дараа хүүгийнхээ сургалтын төлбөр гэх 59 мянган ам.доллар гаргуулах дээрх тушаалыг цохуулжээ.
Энэ хамгийн ноцтой баримт биш. Ц.Энх-Амгалан бүр цааш даварч эхэлжээ. Тэрээр хүүгийнхээ өмнөөс өргөдөл бичиж, үндэслэл муутай албан тоотыг ИНЕГ-ын өмнөөс салбарын сайддаа хүргүүлсэн гэнэ. Энэ явдал нь тус салбарын мэргэжилтнүүдийн уурыг хүргэсэн бололтой. Тодруулбал “Э.Ганхүү нь эрүүгийн хэргээс оргон зайлж гурван жил ор сураггүй байгаад өнгөрсөн онд Канадаас гэнэт ирсэн. Аав нь түүнийг Канадын нисгэгчийн сургуульд суралцуулсан болж арай гэж үнэмлэх авсан бололтой. Ингээд л Ц.Энх-Амгалан албан тушаал, эрх мэдлээрээ далайлган хүү Ганхүүдээ СА-0080 дугаартай нисгэгчийн үнэмлэхийг 2014 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр ИНЕГ-ын НААХЗГ-аас авч өгсөн” гэж тус газрын мэргэжилтнүүд нь ярьж байна. Мөн “Хүүдээ үнэмлэх олгоход хүчин зүтгэсэн НААХЗГ-ын хэлтсийн дарга Д.Лхагважавыг шагнахаа мартаагүй. Түр курсын боловсролтой түүнийг АНУ-ын Оклахома хотод томилолт нэрээр амарч зугаалуулсан” хэмээв.
Дахин нэг ноцтой баримт нь Ц.Энх-Амгалан хүү Э.Ганхүүгээ МИАТ компанид Боинг онгоцны нисгэгчээр оруулахын тулд ИНЕГ-т мөрддөг ИНД-121 “ Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц” дүрмийн 121.511 /нисгэгчийн дадлага туршлага/-р зүйлийн (в)-ийн шаардлагаас чөлөөлүүлэхээр улайран хөөцөлдөж цусаар бичигдсэн нисэхийн хууль дүрмийг улайм цайм зөрчихийг санаархаж эхэлжээ. Энэ дүрмээр олон зуун хүний суудалтай “Боинг” мэт онгоцны нисгэгчээр ажиллахын тулд нисгэгч заавал 1500 цагийн нислэг үйлдсэн байхыг шаарддаг аж. Нисэгчийн сургууль төгссөн залуу нисгэгчид эхлээд жижиг болон дунд оврын онгоцоор 1500 цагаас багагүй нислэг үйлдэж зохих дадлага туршлага хуримтлуулсан байх шаардлагатай. Гэтэл Ц.Энх-Амгалан дөнгөж сургууль төгсч ирсэн ямар ч дадлага туршлагагүй, өмнө нь хуурамч гэрчилгээгээр нисч алдаа гаргаж байсан хүүгээ МИАТ компанид “Боинг” онгоцны нисгэгч болгох гэж зүтгэж байна. Энэ мэт элдэвтэй явдлууд ИНЕГ-т гарсаар байгаа юм. Олон хүний амь настай холбоотой чухал салбарт ийм хүмүүс ажиллаж, дураараа дургисаар байна. Нэг өдөр муу юм дуулгах вий Л.Гансүх сайд аа.