Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар өрнөөд буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд газар тариалан, үхрийн ферм, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй баялаг бүтээгч "Занаду Разорбак" компани нэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын холбогдох албаны хүмүүс Булган аймгийн Хутаг-Өндөр сумын баялаг бүтээгч "Занаду Разорбак" компанийн үхрийн фермийн үйл ажиллагаатай танилцлаа.
2021 оны байдлаар Монгол улсад нийт 70 гаруй сая толгой мал тоологдсоноос дөрвөн сая гаруйг нь буюу долоо орчим хувийг нь үхэр эзэлж байна. Бусад улс орнуудтай харьцуулахад дөрвөн сая үхэр гэдэг нь чамламгүй их тоо ч гэлээ нэг малаас авах шим нь хангалтгүй хэмжээнд байгаа юм.
"Занаду Разорбак" компани нь 2009 онд үүсгэн байгуулагдаж 2012 оноос уламжлалт монгол бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн фермийн мал аж ахуйтай хослуулсан үхрийн фермийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн.
Монгол малчны хотноос бяруу, шүдлэн насны үхрийг худалдан авч өөрсдийн тарьж ургуулсан чанартай тэжээлээр 90-120хоногийн турш өөрсдийн тарьсан овьёосны дарш, хивэг, тэжээлийн зориулалттай будаа зэргээр тодорхой системтэйгээр хооллож, давс хужир бүхий эрдэс шимээр баялаг долооцоор технологийн дагуу бордсоны эцэст гарал үүслийн баталгаатай, эрүүл чанартай монгол үхрийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэн 33 нэр төрлөөр ангилан савлаж, жилийн 4 улирал шинээр нь хэрэглэгчийн гарт хүргэж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Гол зорилго махны чанарт чиглэдэг тул үхрийн хооллолт, эрүүл ахуй, орчин зэрэгт гойд анхаарна. Малчдаас үхрээ авахдаа л нэг бүрийг ээмэглэн, тусгайлан тэмдэглэл хөтөлдөг. Ингэснээр дараа нь махны гарал үүслийг тодорхой болгож өгдөг давуу талтай.
Тус компани нь 15-21 хүний тогтмол болон түр ажлын байр бий болгож, 80-120 малчин өрхөөс үхэр худалдан авч, тогтмол орлогын баталгааг ханган ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл салбартаа хүлээн зөвшөөрөгдөж, тогтмол өндөр чанартай мах бэлтгэдэг цөөхөн байгууллагуудын нэг болон ажиллаж байна.