Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.10.13 11:13
2503
"Нислэгийн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн талаар зорчигчдод урьдчилан мэдэгдсэн"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо хөдөлсөн бөгөөд Ерөнхий сайд төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд тусгай үүргийн онгоцоор яваагүй, иргэдтэй хамт зорчжээ. 

Гэтэл өчигдөр уг онгоцонд хамт зорчсон нэгэн иргэн айлчлалтай холбогдуулан МИАТ нислэгийн чиглэлээ өөрчилсөн гэх утгатай мэдээлэл хийсэн юм. Уг асуудлыг тодруулах үүднээс бид МИАТ ТӨХК-тай холбогдлоо.

МИАТ: "2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх болсонтой холбоотойгоор тухайн чиглэл нь Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдөх шийдвэр 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр МИАТ ТӨХК-аас гарсан.

ОМ137 аялалд ийнхүү өөрчлөлт орсон тул тус нислэгээр зорчих 217 зорчигчдод “Тухайн нислэгийн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн” тухай мэдээллийг 2022 оны 10-р сарын 4-ний өдөр хүргүүлж, дамжин нисэх 37 зорчигчийг хамгийн түрүүнд буухаар хаалганд ойрхон суулгаж, вагоноор цааш зорчих 31 зорчигчдын тээшийг түрүүлж буулган саадгүй вагонд нь суулгасан бөгөөд нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэрэгнээсээ хоцроогүй."