“Мөнгөн авлага” ХХК –ийн үүсгэн байгуулагч С.Баянмөнхтэй “Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай” хуулийн төслийн талаар ярилцлаа.
Сайн байна уу? “Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай” хуулийн төслийн талаар та бидэнд товчхон мэдээлэл өгөөч?
Уг хуулийн төсөл нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачилж олон нийтээр хэлэлцүүлж буй хуулийн төслийн нэг юм.
Хуулийн төслөөр ерөнхийдөө шүүхийн өмнөх шатанд зээлдэгч, зээлдүүлэгчийн зохистой харилцааг хангах, зээлийг өр барагдуулах албаар дамжуулан өрийн тохиролцоо хийх замаар шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэхэд чиглэсэн зээлдэгч, зээлдүүлэгчийн цаг хугацаа, хөрөнгийг хэмнэх, шүүхийн ачааллыг бууруулах зорилгоор боловсруулагдаж буй хуулийн төсөл гэж хэлж болно.
Тэгэхээр зээлдүүлэгч болон зээлдэгч нь өр барагдуулах албаар дамжуулан уг хуулийн хүрээнд харилцан гэсэн үг үү?
Бүх зээлдүүлэгч өр барагдуулах албыг сонгох үүрэггүй бөгөөд дотроо энэ чиглэлийн нэгж албатай бол сонгохгүй байж болно. Харин өр барагдуулах албыг эрхлэх аж ахуй нэгж нь ХХК-ийн хэлбэрээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж ажиллах эрхээ авна. Өр барагдуулах албаар дамжуулж байгаа тохиолдолд л уг хуулийн хүрээнд зээлдэгчтэй харилцах юм.
Нэг талаараа уг хуулийн төсөл бол зээлдэгчийн эрх, ашгийг хамгаалсан хууль бөгөөд тухайлбал: өр барагдуулах албаны ажилтан нь ажлын өдөр 21 цагаас хойш зээлдэгчтэй харилцахгүй байх, албадах, сүрдүүлэх, хамааралгүй этгээдэд болон олон нийтэд өр төлбөрийн талаар мэдээлэхгүй байх зэргээр хууль бус үйлдэл гаргахыг хуулиар хориглосон.
Нөгөө талдаа зээлдэгдүүлэгчийн цаг хугацаа алдах эрсдэлийг буруулж өр барагдуулах албаар дамжуулан шүүхийн өмнөх шатанд эвийн журмаар асуудлыг шийдвэрлэх боломж олгох, зээлдүүлэгч болон зээлдэгчийн хооронд зохистой харилцааг бий болгохыг зорьжээ.И
Хуулийн төслийн дутагдалтай тал юу байна?
Зээлдэгч, зээлдүүлэгчийн зохистой харилцааг бий болгох, тэдний хооронд тулгамдаж буй асуудлыг шүүхийн өмнөх шатанд шийдэх нь тэдгээрийн цаг хугацаа, хөрөнгийг хэмнэх зорилготой гэж буй боловч уг лоби зорилго практикт хэрхэн хэрэгжих нь эргэлзээтэй, бодит хөшүүрэг дутмаг байна.
Тухайлбал: Зээлдэгчтэй өрийн тохиролцоо хийх эрхийг өр барагдуулах албанд олгосон боловч энэ нь сайн дурын шинжтэй, аль нэг тал нь зөвшөөрөхгүй бол үр дүнгүй болох тул тэр болгон шийдэгдээд байх нөхцөл боломжгүй. Өр барагдуулах албаны ажилтан, зээлдүүлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй байгаа нь хуулийн төслийн хамгийн том дутагдалтай талууд юм.
Хууль зүй, дотоод хэргийн яаманд энэ талаар санал хүргүүлсэн болов уу?
Хуулийн төсөлд санал авах ажиллагаа, олон нийтээр хэлэлцүүлэх үе шат хэрхэн явж байгаа нь тодорхойгүй, иргэд энэ хуулийн төслийн талаар огт ойлголтгүй л байгаа болов уу?
Хуулийн төслийг харахад энэ чиглэлээр ажиллаж байгаа хуульч, өмгөөлөгчдөөс бодитой санал аваагүй, зээлдүүлэгчийн гол төлөөлөл мэргэжлийн холбоодоос нь ч санал, шүүмжлэл хүргүүлээгүй л харагдаж байна.
Тиймээс зээлдүүлэгч, зээлдэгч, өр барагдуулах чиглэлээр ажиллаж байгаа эрх зүйч, хуульчдаас саналыг сайтар авах, олон нийтийн хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулах хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа