Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.10.13 17:22
2672
"Янжуур тамхи импортлогчид борлуулалт нь буурч буй тул иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл цацаж байна"

Вейп хэрэглэгчдийн холбооноос зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд электрон тамхийг янжуур тамхинаас хортой гэсэн буруу ташаа, судалгаа нотолгоогүй суртал ухуулга зохион байгуулалттайгаар явуулж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа асуудлыг шалгуулах хүсэлтээ АТГ-т өглөө.

Тэрээр, "Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн С.Мөнхтуяа гэдэг хүн ТМ телевизэд өгсөн  ярилцлагадаа “Янжуур тамхи татдаг хүн нь 20-25 жилийн дараа хорт хавдраар өвчилдөг бол электрон тамхи татдаг хүн 1-2 жилийн дараа хорт хавдраар өвчилж, нас бардаг” гэх олон улсын судалгаа шинжилгээнд үндэслээгүй, баримт нотолгоогүй зүйлийг эрүүл мэндийн ажилтан хүн ярьж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж харж байгаа юм.

Мөн электрон тамхинаас үүдэлтэй уушги цоорсон өвчтөн их ХСҮТ-д их ирж байна гэх мэдээлэл гарсан. Гэтэл тэр эмч нь дараа нь би тийм зүйл яриагүй гэдэг тайлбар өгсөн байсан. Энэ мэтээр аль нэг талаас ашиг сонирхлын үүднээс зориудаар бусдыг төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж байна гэж үзэж байна.

Энэхүү бүтээгдэхүүний гол зорилго нь янжуур тамхины хэрэглээг багасгаж цаашлаад бүр тамхинаас гаргах зориулалттай. 

Шууд хэлэхэд, янжуур тамхины борлуулалт буурч байгаатай холбоотойгоор янжуур тамхи импортлогч нөлөө бүхий томоохон компаниуд зориудаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн мэдээллийг цацаж байна гэж харж байна. 

Мөн янжуур тамхийг ургамлын гаралтай, эко гэх мэтээр сурталчилж буцаад янжуур тамхиа татуулах суртал ухуулга хийж байгаа.

Албан ёсны судалгаанаас харахад Англид жил бүр 50 мянга хүн электрон тамхины тусламжтайгаар тамхинаас бүр мөсөн татгалзаж, гарсан гэсэн судалгаа бий. Энэхүү бүтээгдэхүүний гол зорилго нь л энэ. Ингэхээр янжуур тамхины хэрэглээ багасаж байгаатай холбоотойгоор тамхи импортлогчид худал сурталчилгаа хийж байна.

Эрдэм шинжилгээ хөгжсөн орнууд болоод Английн ЭМЯ-наас цахилгаан тамхины судалгааг 4 жил тутамд хийдэг бөгөөд судалгаагаар электрон тамхи нь янжуур тамхинаас 95 хувь хор хөнөөл багатай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Дараагийн судалгаа 2024 онд гарна. 

Мэдээж энэхүү бүтээгдэхүүн огт хор хөнөөлгүй гэж хэлэхгүй ч янжуур тамхинаас 95 хувийн хор хөнөөл багатай гэдэг нь судалгаагаар нотлогдчихсон байна шүү дээ. Хамгийн гол нь зүй зохистой хэрэглээ л хамгийн чухал. Бидний уриалга бол янжуур тамхины хэрэглээтэй хүмүүс электрон тамхиар дамжуулан никотины хэрэглээгээ бууруулж, цаашлаад тамхинаас татгалзахыг л гол уриалгаа болгодог билээ" гэв.