Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.10.13 21:43
5141
Говь ХК Монгол ноолуурыг дэлхийд таниулж, 2023, 2024 онд Европын Холбооны 27 улс болон Их Британид 60 дэлгүүр нээнэ

Өнөөдөр /2022.10.13/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ дахь айлчлалынхаа хүрээнд Говь ХК-ний Берлин дэх салбар дэлгүүрээр орж үйл ажиллагаатай танилцаж цаашдын хэтийн төлвийг сонслоо.

Говь ХК нь Берлинд байрлах салбар дэлгүүрээ 2016 оны 11 сарын 21-нд нээсэн бөгөөд 2019 оноос эхлэн олон улс дахь онлайн худалдаагаа эхлүүлэн сүүлийн 3 жилийн хугацаанд Европын Холбооны улсуудад болон дэлхийн хэрэглэгчдэд ноолууран бүтээгдэхүүнээ хүргэн Монгол улсын томоохон түүчээлэгч компани болон ажиллаж байгааг Ерөнхий сайд сайшааж байлаа.

Говь ХК нь 2023, 2024 онуудад Европын Холбооны 27 болон Их Британи улсад 60 дэлгүүр шинээр нээж, 2030 он гэхэд компанийнхаа нийт ажилтны тоог 8,500-аар нэмэгдүүлж 10,000-д хүргэх томоохон зорилтыг тавьж Монгол хүний ур ухаан шингэсэн ноолууран бүтээгдэхүүнийг Европын зах зээлд 6 сая ширхэг, АНУ зах зээлд 1 сая ширхэг, БНХАУ зах зээлд 1 сая ширхэг, Монголдоо 2 сая ширхэг нийтдээ 10 сая ширхэг худалдаалан, бизнесээ өргөжүүлж, улсынхаа экспортын хэмжээг нэмэгдүүлэн Монгол ноолуурыг дэлхийд таниулахаар ажиллаж байгаагаа тус компанийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан танилцуулсан юм. 

Монголын нийт 200,000 малчин өрхийн 100,000 малчин өрхөөс ноолуур бэлтгэж 10 сая ширхэг эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулснаар, манай улсын ноолуураас олдог 2 их наядын орлогыг 6 их наяд болгож нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа аж. Ингэснээр мэдээж монгол малчдын гар дээрх ноос, ноолуурын үнэ өсөх боломжтойгоос гадна малчдын орлогод үнэтэй хувь нэмэр болох сайн талтай юм.