2021 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг Бахрейний Манамад болж буй хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд 3 алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулав.
Тэрбээр огцом өргөлтөөр 114, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 249 өргөж, 6 жилийн дараа Азийн хошой аварга болж байна. М.Анхцэцэг 2016 онд Ташкентэд 75 кг-д Азийн аварга болохдоо нийлбэрээр 244 (112+132) кг-аар түрүүлж байв.
Ийнхүү Бахрейнд Монголын 4 бүсгүй өрсөлдснөөс бахдам амжилт үзүүлж бүгд медальтай эх орондоо ирэхээр болов. М.Анхцэцэгээс гадна 59 кг-д Э.Энхтамир огцомоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцом болон нийлбэр дүнгээр хүрэл, 76 кг-д О.Дархижав огцом өргөлтөөр мөнгөн медаль тус тус хүртсэн.