Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний Сэлэнгэ аймаг дахь нээлт өнөөдөр буюу 10 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.
Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгч, малчид, тариаланчид аа! Аймаг сумдын удирдлага, салбарын мэргэжилтнүүд ээ!
Эх орныхоо үржил шимт хөрсөнд эрүүл хүнс ургуулагч, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид, Та бүхэндээ ажил бүтээл ундарсан алтан намрын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүн амынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарч Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан улсын хэмжээнд өрнүүлж буйг Та бүхэн мэднэ.
Энэ хөдөлгөөн нь хүн амынхаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, улмаар бүс нутаг, олон улсын зах зээлд экспортлох боломж, нөхцөл бүрдүүлэх зорилготой билээ.
Цар тахал, геополитик, тээвэр ложистикийн асуудлаас улбаалан хүнсний хомсдол хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болж, монголчууд бид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэн, экспортод гаргах боломжийг бий болгоход анхаарах шаардлагатай байна.
Үүний тулд бид хөдөө аж ахуйн салбарынхаа удирдлага, санхүүгийн тогтолцоог шинэчилж, мэргэшсэн хүний нөөцтэй, эрсдэлийг даах чадвартай, өндөр бүтээмжтэй, өргөн хүртээмжтэй, хамгийн чухал нь байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэх учиртай.
Монголчууд бид мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоод хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөр юм. Тэгвэл ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, Хүнсний хувьсгал хийцгээе.
Өөрөөр хэлбэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье.
Энэ салбарын урт хугацааны хөгжлийн стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх зорилго ч Та бидэнд бий.
2010 оноос хойш хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цахимжуулалт эрчимтэй нэвтэрч ухаалаг, иж бүрэн автомат хүлэмж зэрэг шинэ дэвшилтэт техник, технологи ашиглаж эхэлснийг аймаг бүрд нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.
Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, худалдаа наймаа эрхэлж, бусдаас хараат бус явж ирсэн бахдам түүхтэй. Өвөг дээдсийн сургаал, түүхэн туршлагаас харахад Монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирсэн байна.
Гэтэл өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотор хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна.
Өнгөрсөн 2021 онд нэг тэрбум ам.доллароор хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Энэ их валютын урсгалыг дотооддоо үлдээхийн төлөө бид хамтран зүтгэх ёстой.
Эрхэм хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид ээ! Бид цаашид шинэ зууны хөгжлийн бодлогоо тодорхойлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэгүйдлийг арилгах, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг гол нэрийн хүнсээр бүрэн хангах, хоршоологчдын санхүүгийн чадамжийг бэхжүүлэх, аж ахуйг хөгжүүлэхэд зориулж тусгай зээл олгох, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, олон төрөлт хоршоог бий болгох зэрэг ажлуудад идэвх, санаачилгатай оролцох шаардлагатай байна.
Түүнчлэн төр, засгаас хэрэгжүүлж буй томоохон бодлогын шинэчлэлүүд, тухайлбал Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих зэрэг суурь зорилтуудыг бодит ажил болгоход идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг Та бүхнээс хүсэж байна.
Мөн ажлын байраа нэмэгдүүлэх, бүтээмжээ сайжруулах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, гадаад, дотоод зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гадаад худалдааны болон эдийн засгийн бусад хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг идэвхтэй ашиглах, нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.
Эрүүл монгол хүнийг бүтээх эрүүл хүнсийг бий болгох зорилготой “Хүнсний хувьсгал”-д хүн бүрийн хүчин чармайлт онцгой үүрэгтэй.
Хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон үндэсний үйлдвэрлэгч Та бүхний нөр их хүч хөдөлмөр, эх орноо гэсэн итгэл сэтгэл дээр улс орны маань ирээдүй, эрүүл мэнд, эдийн засгийн аюулгүй байдал оршин байгаа гэдгийг сануулъя.
Хүн амыг хэрэгцээт бүтээгдэхүүнээр бүрэн хангах, хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг сайжруулах үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхаа нийт ажиллагсад, малчид, тариаланч, ногоочид Та бүхэндээ ургац нь арвин, ажил нь өрнүүн байхын ерөөл өргөе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр