Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2022.10.17 13:15
1003
Дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангах, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарыг “шинжлэх ухаанчаар” хөгжүүлэхэд Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн оролцоо нэн чухал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн дэмжлэг шаардлагатай.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын холбогдох албаны хүмүүс Дархан-Уул аймаг дахь ХААИС-ын харъяа "Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн уулзалтаар УИХ-аас баталсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36-р тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээг Ургамал газар тариалангийн хүрээлэнд танилцууллаа.

УИХ-аас баталсан "ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ" 36-р тогтоолийн "Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр авах арга хэмжээ"-нд Ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд тулгуурлан улсын хэмжээнд улаан буудайн 4, тэжээлийн 2, хүнсний ногооны 5, төмсний 4, нийт 15 үрийн аж ахуйг байгуулах, сорт сорилтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх; гэсэн заалт тусгагдсан.

Дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангах, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарыг “шинжлэх ухаанчаар” хөгжүүлэхэд Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаа, оролцоо нэн чухал юм.