"Кореан Эйр" компанийн онгоц Филлиппинд осолджээ.
Тодруулбал өнөөдөр өглөө Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаас Филиппины Себу нисэх онгоцны буудал руу хөөрсөн КЕ631 дугаартай нислэг газардах үедээ осолдсон байна.
Холбогдох албаны дүгнэлтээр цаг агаарын нөхцөл байдлын улмаас газардах зурвасыг өөрчилсөн учраас осол гарах нөхцөл бүрдсэн гэж үзжээ.
Тус онгоц нийт 173 хүний бүрэлдэхүүнтэй зорчиж явсан бөгөөд бэртэж гэмтэж, амь насаа алдсан иргэн байхгүй талаар албаныхан мэдээлжээ.
Korean Air компанийн зүгээс тус үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлж Солонгосын эрх баригч нартай хамтран ослын шалтгааныг тогтоохоор нарийвчилсан шалгалт хийхээ мэдэгдсэн байна. Одоогоор зорчигчдыг орон нутгийн гурван зочид буудалд хүргэсэн байгаа бөгөөд өөр нислэг зохион байгуулахаар бэлдэж байгаа аж. Мөн Себугийн нисэх онгоцны буудал зогсонги байдалд орсон тул түр хугацаагаар Себу руу чиглэсэн бусад нислэгийг ойролцоох нисэх онгоцны буудал руу шилжүүлсэн байна.
Ослын шалтгааныг эцэслэн тогтоохоор орон нутгийн эрх баригчид БНСУ-ын талтай хамтран ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Yonhap